Логик хэлхээ бол электрон төхөөрөмжийг шийдвэр гаргах, нөхцөл шалгах, тооцоолол хийх чадвартай болгодог электрон систем юм.
Энэ систем нь 1 ба 0, эсвэл тийм ба үгүй, үнэн ба худал, ассан ба унтарсан гэсэн хоёрхон төлөвийн дагуу ажилладаг.
Энгийнээр хэлбэл:
- Хэрвээ гэрлийн унтраалга дараатай (1) бол → гэрэл асна (1)
- Хэрвээ унтраалга дарсангүй (0) бол → гэрэл унтарна (0)
Ийм логик шийдвэрийг сая сая удаа давтан ашигласнаар компьютер, утас, робот зэрэг төхөөрөмжүүд “ухаантай” мэт ажилладаг юм.
Логик хэлхээ нь олон жижиг логик элемент-үүдээс бүрддэг. Тэднийг орж ирж буй мэдээлэлд үндэслэн гаралтын хариу гаргадаг жижиг шийдвэр гаргагч гэж ойлгож болно.
Дараах логик элементүүд нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
№1 AND
Хоёр оролт бүгд үнэн (1) байж нь гаралт үнэн (1) болно.
Жишээ нь:
“Хичээлээ хийж өрөөгөө цэвэрлэсэн бол тоглож болно.”
Хэрвээ зөвхөн нэгийг нь хийсэн тохиолдолд гаралт 0 — тоглож болохгүй!!!

№2 OR
Аль нэг оролт үнэн байхад гаралт үнэн болно.
Жишээ нь:
“Сайн дүн авсан эсвэл уралдаанд түрүүлсэн бол шагнал авна.”
Нэгийг нь хийсэн ч болно, хоёуланг нь хийсэн ч болно!!!

№3 NOT
Оролтыг эсрэг утгатай болгож хувиргана.
Жишээ нь:
“Унтраасан бол → асна, ассан бол → унтарна.”
Яг л гэрлийн унтраалгыг эргүүлэхтэй адил.

№4 XOR
Зөвхөн нэг нь үнэн байвал үнэн болно
Өөрөөр хэлбэл, хоёр оролт ялгаатай үед гаралт нь 1 болно.
Харин хоёр оролт ижил бол гаралт 0 болно.

Мөн дээрх элементүүдээ нийлүүлэн NAND, NOR гэх мэт элементүүдийг гаргаж авдаг.
№5 NAND
NAND гэдэг нь “NOT + AND” буюу AND-ийн эсрэг хувилбар юм.
Өөрөөр хэлбэл, AND үнэн (1) үед, NAND хаалга худал (0) болно.
Харин AND худал (0) байвал NAND үнэн (1) болно. NAND нь “хоёулаа үнэн биш л бол үнэн” гэж ажилладаг.

№6 NOR NOR гэдэг нь “NOT + OR” буюу OR-ийн эсрэг хувилбар.
Өөрөөр хэлбэл, аль нэг оролт үнэн (1) байвал гаралт худал (0) болно.
Харин хоёр оролт хоёулаа худал (0) үед л гаралт үнэн (1) болно. NOR нь “аль ч оролт үнэн биш л бол үнэн” гэж ажилладаг
ЛОГИК ХЭЛХЭЭ ХААНА АШИГЛАГДДАГ ВЭ?
Логик хэлхээ бидний амьдралын бараг бүх ухаалаг төхөөрөмжийн дотор ажилладаг.
Жишээ нь:
- Гар утас, таблет: Дэлгэцийн мэдрэгч, камер, дуу тоглуулагч — бүгд логик хэлхээний үр дүн.
- Робот ба ухаалаг төхөөрөмжүүд: “Хаашаа явах вэ?”, “Юу хийх вэ?” гэх мэт шийдвэрийг логик хэлхээ гаргадаг.
Бидний утас, компьютер, ухаалаг төхөөрөмж бүгд логик хэлхээн дээр тулгуурладаг.
AND, OR, XOR, NOT — энэ дөрөвхөн үгийг технологийн цагаан толгой гэж хэлж болно.
Жижигхэн дохио, зөвхөн “1 ба 0” төлөвүүд нийлж дэлхийг хөдөлгөж байгаа нь үнэхээр гайхалтай.
Тэгэхээр дараагийн удаа гэрлээ асаахдаа, эсвэл утсаа нээхдээ “энэ бүгд логик хэлхээний ид шид шүү дээ!” гэж бодоорой.