fbpx

SDN (Software Defined Network) гэж юу вэ?

Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн эрин үед найдвартай, хурдан бөгөөд уян хатан сүлжээний дэд бүтэц улам бүр чухал болсоор байна.

Уламжлалт сүлжээний архитектур нь ихэвчлэн тоног төхөөрөмж дээр суурилдаг тул өөрчлөлт, шинэчлэлт хийхэд цаг хугацаа их шаарддаг. Ялангуяа сүлжээг өргөтгөх, удирдах, автоматжуулах тал дээр бэрхшээлтэй байдаг.

SDN гэж юу вэ?

Уламжлалт сүлжээнд switch, router зэрэг төхөөрөмж бүр өөрийн удирдлагын системтэй байдаг бөгөөд тохиргоог нь тус тусад нь CLI (Command Line Interface) ашиглан хийх шаардлагатай. Энэ нь том хэмжээний сүлжээг удирдах, шинэчлэх, өөрчлөх үйл явцыг төвөгтэй, цаг их шаардсан ажил болгодог.

picture-1.png

Харин SDN (Software Defined Network) нь бүх төхөөрөмжийг нэг төвлөрсөн хянагч (controller) ашиглан удирдах боломж олгодог. Түүнчлэн SDN нь хяналтын түвшин (control plane)-ийг өгөгдөл дамжуулах түвшнээс (data plane) салгаж, сүлжээг программ хангамжаар дамжуулан төвлөрсөн байдлаар удирдах архитектур юм.

SDN-ийн давуу талууд:

  • Уян хатан байдал ба хялбар менежмент: Программ хангамжаар удирдах боломжтой тул сүлжээний тохиргоог хурдан хугацаанд өөрчлөх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой. Энэ нь үүлэн тооцоолол (cloud computing) болон virtualization орчинд маш чухал юм.

  • Автоматжуулалт: Сүлжээний үйл ажиллагааг автоматжуулах боломжтой болсноор хүний оролцоог багасгаж, алдааг бууруулдаг. Жишээлбэл, ачаалал ихсэхэд сүлжээний нөөцийг автоматаар хуваарилах боломжтой.

  • Зардал хэмнэлт: Сүлжээний менежментийн зардлыг бууруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулна.

  • Аюулгүй байдал: Сүлжээний траффикийг илүү нарийвчлан хянах, аюулгүй байдлын бодлогыг төвлөрсөн байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгодог. Жишээлбэл, сүлжээнд нэвтэрч буй packet бүрийг шалгаж, хортой packet-уудыг блоклох боломжтой.

  • Шинэ үйлчилгээг түргэн нэвтрүүлэх: Сүлжээний үйлчилгээг (жишээлбэл, load balancing, firewall, VPN) программ хангамжаар хэрэгжүүлэх боломжтой тул тэдгээрийг хурдан хугацаанд байршуулах, өөрчлөх боломжтой.

SDN-ийн хэрэглээ:

  • Cloud үйлчилгээ: Cloud service үзүүлэгчид өөрсдийн сүлжээгээ илүү үр ашигтай удирдах, хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлчилгээг хурдан нэвтрүүлэх.

  • Телеком операторууд (Telecom Operators): Үйлчилгээний нэвтрүүлэлтийг хурдасгах, сүлжээний нөөцийг оновчтой ашиглахад SDN нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Бизнесийн сүлжээ: Enterprise сүлжээнд менежментийг хялбаршуулах, аюулгүй байдлыг сайжруулах.

  • Дата төвүүд: Том хэмжээний дата төвүүдэд сүлжээний уян хатан байдал, автоматжуулалтыг хангах.
  • Software-Defined Wide Area Network (SD-WAN): Энэ нь SDN-ийн нэг төрөл бөгөөд байгууллагуудын салбар оффисуудыг холбох, траффикийг оновчтой болгоход ашиглагддаг.

SDN архитектурт controller нь switch-үүдтэй southbound API-аар (жишээ нь OpenFlow) дамжуулан харилцдаг.

Жишээ нь, controller дараах зааврыг өгч болно:

Match: IP_dst=192.168.1.100, TCP_dst=443
Action: output:port3
Priority: 1000

Энэ нь HTTPS хүсэлтүүдийг гуравдугаар порт руу чиглүүл гэсэн утгатай. Хэрвээ сүлжээний ачаалал ихсэх юм бол controller динамикаар route-ийг өөрчилж чадна.

Leave a Reply