Код бол машин уншихад зориулагдсан зүйл. Харин инженерчлэл бол хүмүүстэй хамтран асуудлыг шийдэх урлаг юм. Зөвхөн техник мэдлэгээр карьераа бүтээн гэдэг өрөөсгөл ойлголт болохыг энэ нийтлэлээс уншаарай.
Soft Skill бол инженер, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хувьд хамгийн дутуу үнэлэгдсэн атлаа карьерын өсөлтөд хамгийн том нөлөө үзүүлдэг хүчин зүйл. Инженерүүд ихэвчлэн “Миний код эсвэл зураг төсөл сайн байхад л болно” гэж боддог ч, бодит байдал дээр хамгийн сайн инженерүүд биш, харин хамгийн сайн ойлголцож чаддаг инженерүүд л томоохон төслийг удирдаж, өндөр цалинд хүрдэг.
Технологийн гүнээс харилцаа, бизнесийн ертөнц рүү
Бидний өдөр тутам ашиглаж буй программ хангамж, системүүд нь цэвэр логикийн бүтээл мэт харагдавч, түүний цаана хүмүүсийн харилцаа оршиж байдаг. Инженер хүн өөрийн хийсэн ажлаа зөвхөн Syntax талаас нь бус, бизнесийн үр өгөөж талаас нь хардаг болох тэр мөчид түүний үнэ цэнэ хэд дахин өсдөг. Захирлуудын зөвлөлийн өмнө “Бид latency-г 200 миллисекундээр бууруулсан” эсвэл “Бид Docker container-аа Kubernetes дээр cluster үүсгээд…” гэж хэлэх нь техникийн хувьд зөв боловч, “Бид системийн хурдыг нэмснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөж, орлогоо 10 хувиар тэлэх боломжийг бүрдүүллээ” гэж тайлбарлах нь жинхэнэ орчуулагч буюу харилцаа дээр тулгуурласан инженерийн чадвар юм.

Шүүмжлэл ба Эмпати: Код шалгах соёл
Инженер хүний өөрийгөө хөгжүүлэх хамгийн том талбар бол Code Review буюу бусдын ажлыг шүүх үйл явц юм. Гэхдээ энэ нь зөвхөн алдаа хайх ажил биш, харин багийн гишүүд бие биедээ хэрхэн хүндэтгэлтэйгээр харьцан, харилцан бэлэг барих тухай асуудал юм. Хатуу шүүмжлэл нь бүтээлч байдлыг үхүүлж, эго-г өдөөж өгдөг бол эмпати буюу бусдыг ойлгох сэтгэл дээр суурилсан зөвлөгөө нь багийг бүхэлд нь хүчирхэгжүүлдэг. Хэн нэгний бичсэн кодыг муу гэж тодорхойлохоос илүүтэйгээр, “ийм аргаар шийдвэл илүү оновчтой байж магадгүй” гэж зөөлрүүлэн санал болгох замаар инженерийн соёл, төлөвшлийн илэрхийлэл болдог. /Ихэнхдээ энэ салбарын хүмүүс багаар ажилладаг учир хэрэгтэй шүү/
Бичгийн соёл: Таны үлдээх “Дижитал мөр”
Бидний өдөр тутмын харилцаа и-мэйл, teams зэргээр тухайн байгууллагын ашигладаг сервер чат дээр өрнөдөг. Ярианаас илүү бичгээр өөрийгөө ойлгомжтой илэрхийлэх нь орчин үеийн инженерийн хамгийн чухал зэвсэг мөн. Цэгцтэй бичигдсэн баримт бичиг (Documentation) нь зөвхөн заавар биш, харин таны дараа тэрхүү систем дээр ажиллах инженерүүдэд үлдээж буй хайрын захидал юм. Хэн нэгнийг асуулт асуух шаардлагагүй болтол нь цэгцтэй бичих нь таныг бусдын цагийг хүндэтгэдэг, өндөр түвшний мэргэжилтэн гэдгийг батална.
Системчлэгдсэн сэтгэлгээ: Кодын цаадах гинжин хэлхээ
Хамгийн чухал бөгөөд хамгийн нарийн ур чадвар болох инженер хүнийг кодероос ялгадаг хамгийн том зааг бол асуудлыг системээр нь харах чадвар юм. Бидний бичиж буй нэг мөр код, нэг жижиг өөрчлөлт нь тусгаарлагдсан зүйл биш, харин аварга том системийн нэгэн эд эс байдаг. Заримдаа бид яаралтай ирсэн даалгаврыг “түр гал унтраах” маягаар шийдэх гэж оролддог ч, тэрхүү шийдэл нь маргааш системийн өөр нэг хэсэгт томоохон “дэлбэрэлт” авчрах эрсдэлтэйг анзаардаггүй.
Жинхэнэ инженер хүн асуудлыг шийдэхдээ зөвхөн “Одоо ажиллаж байна уу?” гэж асуудаггүй. Харин “Энэ өөрчлөлт өгөгдлийн санд ямар ачаалал өгөх вэ?”, “Дараагийн хөгжүүлэгч үүнийг уншихад ойлгомжтой байна уу?”, “Энэ шийдэл маань ирээдүйд системийг тэлэхэд саад болох уу?” гэсэн алсын хараатай асуултуудыг тавьдаг. Энэ бол зөвхөн техникийн тооцоолол биш, харин бүхэл бүтэн системийн архитектурыг оюун санаандаа зураглаж, гинжин урвалыг тооцоолж буй soft атлаа хүчирхэг сэтгэлгээ юм.

Soft Skill бол нэг өдрийн дотор сурдаг онол биш, харин өдөр тутмын харилцаандаа суулгадаг дадал юм. Хэрэв та зөвхөн дэлгэцийн ард суугаад байвал техникийн хувьд сайн кодер болох ч, харин хүмүүсийн дунд орж, тэднийг сонсож, ойлгож эхэлбэл та жинхэнэ Инженер болно. Технологи хуучирдаг, харин хүмүүстэй зөв харилцах чадвар хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.
Хэрхэн хөгжүүлэх вэ? (Таны өөртөө өгөх дасгал)
- Идэвхтэй сонсох: Дараагийн хурлаар өөрийнхөө санал бодлыг хэлэх гэж яарахаасаа өмнө бусдын яриаг дуустал нь сонсож, “Би таныг зөв ойлгосон уу?” гэж асууж хэвшээрэй.
- Энгийнээр тайлбарлах: Технологийн бус салбарын хүнд (найз, гэрийнхэн) хийж буй төслийнхөө гол зорилгыг нэг ч техникийн үг ашиглахгүйгээр тайлбарлаж үзээрэй.
- Санал хүсэлт ав: Хамтран ажиллагсдаасаа “Миний Slack-аар бичсэн зүйлс ойлгомжтой байна уу? Би хэрхэн илүү тодорхой харилцах вэ?” гэж асуухаас бүү эмээ.