Хүн төрөлхтөн олон зууны турш амьтдыг судалж, тэдний хүч чадал, авхаалж самбаанаас суралцаж шинийг эрэлхийлсээр ирсэн. Харин XXI зуунд бид энэ мэдлэгээ технологитой нэгтгэж, байгалийн гайхамшгийг робот амьтдын хэлбэрээр дахин бүтээн хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл бидний мэдэх робот гэдэг үг зөвхөн аж үйлдвэрийн робот эсвэл хүн төрхтэй андроидуудыг илэрхийлдэг байсан хэвшмэл ойлголт маань илүү тэлж, дараагийн шат руу шилжжээ. Энэ удаагийн нийтлэлээр хэдүүлээ роботик инженерүүдийн маань амьтдаас санаа аван инженерчилсэн робот амьтдын талаар сонирхцгооё.

Quadruped Robots
Quadruped robot буюу дөрвөн хөлт робот нь нохой, ирвэс гэх мэт дөрвөн хөлтэй амьтнаас санаа аван дуурайлган хийсэн роботууд бөгөөд хамгаалалтын эргүүл, аврал хайгуул эсвэл бүр хувийн тэжээвэр амьтны үүрэг гүйцэтгэх зорилготой роботууд юм. Дуу таних, хүрээлэн буй орчноо хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулах, хүн дагаж явах, хүнд ачаа зөөх гэх мэт олон үйлдлийг гүйцэтгэх чадамжтай байдаг байна.

Boston Dynamics компаниас гаргасан Spot гэх энэхүү робот нь аж үйлдвэр, олон нийтийн аюулгүй байдлыг хянах үүрэг гүйцэтгэдэг робот нохой юм.

Хятадын Xiaomi технологийн компани нь Cyberdog гэх open source робот нохойнг 2021 онд худалдаанд гаргасан бөгөөд Spot нохойг бодвол илүү хямд үнэтэй, хувь хүн рүү чиглэсэн, тэжээвэр амьтан мэт мэдрэмж өгөх зорилготой робот юм.

Массачусетсийн Технологийн Биомиметик Роботын Лаб-аас Профессор Сангбае Кимийн удирдлаган дор бүтээсэн MIT Cheetah робот нь ирвэсийн авхаалж самбаа, үр ашгийг дуурайх зориулалттай дэвшилтэт дөрвөн хөлт роботуудаас бүрддэг.
Aquatic Robots

RoboTuna төслийг 1993 оноос Массачусетсийн Технологийн хүрээлэнгээс хөгжүүлж эхэлсэн юм. Төслийн зорилго нь бие даасан тээврийн хэрэгсэлд (AUVs) илүү сайн хөдлөх системийг олох байв. Үүний үр дүнд бусад усан доорх роботуудаас илүү маневр хийх боломжтой мөн энерги бага зарцуулалттай байж том амжилтанд хүрсэн юм.

AquaJellies нь бие дэх цахилгаан хөдөлгүүрээр удирддаг тэмтрүүлээрээ усан дундуур дэгжин бөгөөд хялбархан хөвнө. Нэгдсэн харилцаа холбоо, мэдрэгчийн технологи болон бодит цагийн системийн ачаар хэд хэдэн AquaJellies нь хязгаарлагдмал орон зайд ч хоорондоо зохицон, хамтран хөдөлж чаддаг.

SoFi нь MIT-ийн CSAIL лабораторийн бүтээсэн зөөлөн бүтэцтэй, загас хэлбэрийн усан доорх робот юм. Тус робот нь өндөр нарийвчлалтай камер, мэдрэгчээр тоноглогдсон бөгөөд шумбагчид болон тоног төхөөрөмжийн оролцоогүйгээр, амьтдад саад учруулахгүйгээр шинжлэх ухааны судалгаа хийхэд зориулагдсан.
Bird Robots

SmartBird нь хөхөлбий цахлай шиг зөвхөн далавчаа дэвэн нисдэг. Энэхүү хэт хөнгөн орнитоптер нь онцгой аэродинамик бүтэцтэй бөгөөд ижил төрлийн нисэх төхөөрөмжүүдээс ялгаатай нь ямар нэгэн нэмэлт хөдөлгүүргүйгээр өөрөө хөөрч, нисэж, газардах чадвартай.

PigeonBot бол Стэнфордийн эрдэмтдийн бүтээсэн, тагтааны далавчнаас санаа авсан өвөрмөц нисэх робот юм. Жинхэнэ өд ашиглан хийсэн далавч нь тагтааны нисэлтийг дуурайж, уян хатан, нарийн маневр хийх чадварыг олгодог.
Reptile Robots

SnakeBot бол Карнеги Меллоуны их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, могойны хөдөлгөөнөөс санаа авсан робот юм. Энэ робот нь уян хатан, модульчлагдсан биеэрээ хазайлгах, мушгирах хөдөлгөөнөөр нарийн төвөгтэй нөхцөлд явах чадвартай.

ACM-R5H Amphibious Snake Robot нь мөн могойны хөдөлгөөнөөс санаа авсан, газар болон усанд явах чадвартай робот юм. Энэхүү робот нь нарийн хоолой, усан дунд ч зорчих боломжтой бөгөөд амьд могойны адил хөдөлж том, том судалгаанд өндөр нэмэр болж чадах юм.
Mammal Robots

Шинэ хөдөлгүүрийн концепци болон хөдөлгөөний хэлбэрүүд нь Bionic Learning Network-д үргэлж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Иймд амьд кенгуругээс санаа авч шинэ хөдөлгүүрийн санааг туршсан энэхүү робот нь үсрэх үедээ энергийг хуримтлуулж, ахиллесийн булчинд хадгалагдан, дараагийн үсрэлтэндээ үр ашигтайгаар ашиглах боломжтой.

Robear нь Японы RIKEN судалгааны хүрээлэнгийн бүтээсэн, баавгайнаас санаа авсан робот бөгөөд өндөр хүч чадалтай гар, уян хатан хөдөлгөөнөөрөө асаргаа сувилгааны ажилд туслах зориулалттай. Энэхүү робот нь өндөр настай болон биеийн бэрхшээлтэй хүмүүст аюулгүйгээр туслах, суурин болон босох хөдөлгөөнийг хөнгөвчлөх чадвартай юм.
Эдгээр робот амьтад нь байгалийн хөдөлгөөн, бүтцээс санаа авч, түүнийг технологи, хиймэл оюун ухаан, механик бүтэцтэй нэгтгэсэн тод жишээ бөгөөд ирээдүйд роботыг байгальд ойртуулан, хүний амьдралд илүү уян хатан, үр ашигтайгаар туслах боломжийг харуулж байна. Энэ нь роботын инженерчлэлийн хөгжил, байгалийн ухаан хоёрыг нэгтгэсэн шинэ үеийн гараа бөгөөд хүн төрөлхтний бүтээлч чадвар, байгальд хүндэтгэлтэй хандлагыг нэгтгэсэн амжилт гэж хэлж болно.
Өөр дэлгэрэнгүй мэдээллийг та доорх бичлэгнээс үзээрэй.