Өмнөх нийтлэл дээр би та бүхэнд Робот бүтээх хүсэлтэй хүүхэд залуучууд өөрсдийгөө сорьж, хөгжүүлэх зорилгоор оролцдог томоохон роботын тэмцээнүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Харин өнөөдөр хэдүүлээ робот бүтээдэг инженерүүд маань ямар, ямар томоохон төслүүд дээр ажиллаж, хорвоо ертөнц болон хүмүүс бидэнд ямар шийдэл хүргэхээр зорьж байна вэ? гэдэгтэй танилцацгаая.
Робот гэдэг тодорхойлолт нь 1839 оноос эхлэлтэй боловч тус үеийн хэрэглээнд өөр утгыг илэрхийлдэг байсан байна. Тухайн үеийн Чех улсад боолчлол элбэг байсан ба robota гэх үг нь “хүчээр ажиллуулах”, “боолчлох” гэсэн утгыг илэрхийлдэг байв. Харин орчин цагийн роботын тодорхойлолтыг хамгийн анх 1920 онд мөн Чех улсын зохиолч Карел Капек-ийн R.U.R буюу Rossum’s Universal Robot шинжлэх ухаан, зөгнөлт драмын тоглолтод ашиглав. Тухайн зохиол нь хиймэл хүмүүс үйлдвэрлэдэг үйлдвэрийн талаар гардаг байна. Карел Капек зохиолч анх labori гэх латин үгнээс гаралтай “ажилчин” гэсэн үгийг ашиглан хиймэл хүмүүсийг нэрлэх бодолтой байсан боловч түүний дүү Иосеф Капек roboti гэсэн үгийг санал болгосноор анх ийнхүү хэрэглээнд нэвтэрч байжээ. Анхны тоглолтоос хойш удалгүй хоёрхон жилийн дараагаас roboti гэх үг 30 хэл рүү хөрвүүлэгдэж дэлхий дахинд ашиглагддаг болсон ба Оксфордын англи хэлний толь бичигт “Цогц үйлдлийг автоматаар гүйцэтгэх чадвартай машин” гэж тодорхойлогдсон байна.
Харин өнөө үеийн маань цогц үйлдлийг автоматаар гүйцэтгэх чадвартай машин маш олон салбарт өндөр хурдтайгаар хөгжиж байгаа билээ.
Аж үйлдвэрийн робот:

2023 оны байдлаар дэлхий дахинд бүртгэлтэй, ажиллагаанд буй 4,281,585 ширхэг үйлдвэрлэлийн робот бий гэж International Federation of Robotics (IFR)-ээс зарласан. Тухайн үйлдвэрлэлийн робот нь 3 ба түүнээс олон тэнхлэгт үйлдэл гүйцэтгэх функцтэй програмчлагдсан автомат робот юм. Гагнах, будах, угсрах, салгах, савлах, ялгах гээд үйлдвэрийн шат дамжлага бүрийг автоматжуулах боломжтой болсноор цаг хугацааг хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн алдааны хувийг бууруулах, хүний нөөцийг бууруулах гэх мэт маш том чухал давуу талуудыг олгож байгаа билээ. Аж үйлдвэрийн робот дотроо зургаан төрөл байдаг.
- Articulated robot
- Autonomous robot
- Cartesian coordinate robot
- Cylindrical coordinate robots
- Spherical coordinate robots
- SCARA robot
Эмнэлгийн робот:

Эмнэлгийн салбар бол маш өргөн салбар билээ. Иймд роботын үүрэг хэрэгцээ ч мөн өргөн хүрээнд оршин буй юм. Жишээлэн татваас хагалгаа хийх тал руу хөгжүүлж буй Da Vinci robotic surgery роботын систем байж болно. Тус систем нь хагалгааны үйл явцыг хөнгөвчлөх мөн хагалгааны үеийн алдааны магадлалыг багасгах зорилготой төхөөрөмж юм. Хүний амь нас яригдаж байдаг тул робот нь маш нарийвчлал сайтай байх хэрэгтэй. Тус робот нь бие дааж хагалгаа хийхгүй билээ. Эмчийн гарын хөдөлгөөнийг роботын хөдөлгөөн рүү ямар ч хугацааны сааталгүй хөрвүүлж маш нарийн хагалгааг өндөр гүйцэтгэлтэйгээр биелүүлж чадаж байгаа юм.
Мөн эмзүйн салбар болон нөхөн сэргээх салбарт роботын хөгжүүлэлт элбэг байгаа билээ. Exoskeleton нь ямарваа нэгэн осол гэмтлээс нөхөн сэргэгдэж буй өвчтөнд буцан алхахад нь туслах төхөөрөмж юм. Тухайн хүний хөл болон нурууг роботдоо бэхэлж өгснөөр алхахад нь дэм болж энгийн хэвийн амьдрал руугаа шилжихэд нь хурдан бөгөөд үр дүнтэйгээр тус болох билээ.
Судалгааны робот:

Хүмүүс бидэнд газар доор, далайн гүнд мөн тэнгэрийн хаяанд хүртэл судалж мэдээгүй зүйлс олон бий. Гэвч ийм томоохон судалгааны ажлуудыг хэрэгжүүлэхэд хүний нөөц дутмаг, дутахгүй байсан ч хүний бие организм тухайн орчинд тэсэх боломжгүй, эсвэл эрсдэлд байх тохиолдол олон. Тэгвэл тухайн асуудлыг амьгүй биет машин болох роботоор шийдэх боломжтой юм. Тус зорилгоор NASA-ийн байгууллага маш олон оролдлого, туршилтын үр дүнд хэд хэдэн амжилттай робот бүтээж сансар луу нисгэсэн билээ. Үүний нэг нь дээрх зурагт үзүүлсэн Ангараг гарагийн гадарга дээр микробиал амьдрал орших боломжтой эсэхийг судлахаар илгээсэн Curiosity rover байна. Тухайн роботыг дэлхийн гадаргаас 2011 оны 11 сарын 26-нд хөөргөсөн ба Ангараг гараг дээр 2012 оны 8 сарын 6-нд газардаж 2025 оны 5 сарын 10-н хүртэл 12 жил 277 өдрийн турш ажиллаж, эх дэлхий рүүгээ мэдээлэл дамжуулсан юм. Мөн үүний адилаар жилд 300 гаруй өндөр даралтад тэсвэртэй шумбагч роботуудыг далай гүн рүү судалгааны зорилгоор илгээдэг байна.
Армийн робот:

Батлан хамгаалах, цэрэг зэвсэгт хүчин бол Улсын аюулгүй байдал, халдашгүй дархан байдлыг хамгаалах амин чухал үндэс юм. Мөн улсын иргэн, цэрэг бүрийн аюулгүй байдал, амь нас нь машид үнэ цэнтэй билээ. Иймд ямарваа нэгэн дайн тулаанд хүн хүчээ бага дайчилж оронд нь робот ашиглах нь өнөө үеийн жишиг баримтлах зарчим болоод байгаа юм. Саяхны Орос, Украйны дайнд дрон ашиглан эсрэг талын хүчийг бут цохиж буйг маш олон нийтлэл дээр бичсэн буйг бид мөн харсан. Шархадсан цэргийг мөн дайны талбараас фронт руугаа зөөх роботын хөгжүүлэлт ч гэсэн их хурдацтай хийгдсээр байгаа билээ. Тус роботын салбар бидний бахархан ярих сэдэв хэдий биш ч гэлээ роботын хөгжил хэр урагштай мөн хэр хурдацтай явааг илтгэх юм.
Хүн дүрстэй робот:

Робот гэхээр л бидэнд кинон дээр гардаг шиг хүн дүрстэй, эв хавгүй хөдөлгөөнтэй механик хийцлэлтэй биет санаанд буудаг. Тэгвэл яг л тухайн роботын хөгжүүлэлт мөн маш өрсөлдөөнтэй, хурдтайгаар хөгжиж байгаа билээ. Тус салбарт
- Tesla – Optimus
- Boston Dynamics – Electric atlas
- Unitree Robotics – G1
- Agility Robotics – Digit
- Apptronik – Apollo
- NEURA Robotics – 4NE-1
- 1X – NEO BETA
- Figure AI – Figure 02
- Sanctuary AI – Phoenix
- Engineered Arts – Ameca
- DEEP Robotics – Dr01
- Robot Era – STAR 1
Гэх Роботик компаниуд аль хэдийн эхний загваруудаа олон нийтэд танилцуулж дараагийн загвараа сайжруулж үйлдвэрлэж байгаа юм. Тухайн роботууд нь хүнд ачаа зөөх, гэр цэвэрлэх, хоол хийх гэх мэт хүний ажил хөнгөвчлөх функцтай роботууд. Мөн тухайн салбарын робот бүр л AI-тай болж байгаа бөгөөд өөрийн хийж буй үйлдлээсээ суралцан сайжрах, хүнтэй харилцан яриа өрнүүлэх боломжтой болсон нь хамгийн том дэвшил болж байна.
Роботын салбар сүүлийн жилүүдэд маш үсрэнгүй дэвшилт хийж, өндөр хурдтайгаар хөгжиж байгаа бөгөөд тухайн салбарт ажиллах сонирхолтой хүүхэд багачууд, роботик инженер болохоор бэлтгэгдэж буй оюутан залуусын эрэлт хэрэгцээ ч мөн өндөр байгаа билээ.