fbpx

Та хэрвээ роботын хэнээтэн бол Real Steel, Big Hero 6, Transformers, Pacific Rim гэх мэт роботтой, роботын тулаантай action кинонуудыг үзэж бишгүй л гайхаж, нүдээ салгаж чадалгүй сонирхож дурлаж байсан биз ээ. Харин бодит байдал дээр дэлхийн роботын чиг хандлага илүү хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, хугацааг хэмнэх гэх мэт нийгэмд ээлтэй байх тал руу хандаж байгаа юм. Хоёр роботыг хооронд нь тулалдуулж, өрсөлдүүлэх нь хүмүүс бидэнд ямар ч шууд тус авчирч чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэсэн хэдий ч роботик инженерүүд, инженер болох зорилготой оюутан залуучууд хоббигоо даган өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор роботын тэмцээн, тулаанд идэвхитэй оролцож өөрсдийгөө сорьдог. Өөрөөр хэлбэл таны кинон дээрээс харж үзэж байсан роботын тулаан дэлхий дахинд маш олон төрлөөр зохиогддог юм.

Robot Pro-Wrestling Dekinnoka!

Та Big Hero 6 дээр Hiro Hamada-ийн роботын тулаанд ордог хэсгийг үзэж байсан байх тэгвэл тухайн робот тулаан нь бодит амьдрал дээр байдаг гэвэл итгэх үү?

Robot Pro-Wrestling Dekinnoka!“гэх тэмцээн нь Японы алдарт робот бөхийн тэмцээн юм. BattleBots, Robot Wars гэх мэт тэмцээнүүдийг бодвол өрсөлдөгч роботоо устгахаас илүү роботын хөдөлгөөн, мэхний гүйцэтгэл дээр анхаарсан онцлогтой. Тамирчид нь роботоо контроллёроор удирдах ба тухайн робот нь цохих, өшиглөх, авж шидэх гэх мэтээс гадна өөрсдийг нь илэрхийлсэн онцгой “төгсгөлтийн мэх”-тэй байдаг байна.

Robot Pro-Wrestling Dekinnoka!” тэмцээний үнэмлэхүй аварга SAAGA.

2005 он хавьцаагаас эхлэлтэй энэхүү тэмцээн нь Японы Оосака-д ихэвчлэн зохион байгуулагддаг, роботууд нь 30-аас 50 см-ын өндөртэй бөгөөд амжилттай мэх гүйцэтгэх, өрсөлдөгчөө унагаах, тэмцээний ринг-ээс гаргах байдлаар оноо цуглуулна. Ялахын төлөө өрсөлдөх гэхээс илүүтэй үзвэр үйлчилгээ тал руу чиглэж, хүүхэд багачуудын сонирхлыг нь хөдөлгөж роботын салбар луу татах зорилготой тэмцээн юм.

ロボットプロレス|流血仮面 オフィシャルウェブサイト

BATTLEBOTS

BattleBots нь 1999 оноос хойш Америкд зохион байгуулагдаж буй роботын тэмцээн юм. “Robot Pro-Wrestling Dekinnoka!” тэмцээнээс ялгаатай нь өрсөлдөгч роботоо эвдэлж, ажиллах боломжгүй болтол нь тулалдах юм. Контроллёроор удирдагдах хоёр робот нь заасан хугацааны дотор тэмцээний талбар дээр алх, хөрөө, гал гэх мэт зэвсэг ашиглаж тулалдах ба мөн төдий хэмжээнд сайн хамгаалалттай байх шаардлагатай. Иймд тоноглогдсон тэмцээний роботууд нь 100кг гаран жинтэй байх тохиолдол ч байдаг байна. Тэмцээн 3 минут үргэлжлэх ба аль их хохирол учруулсан баг цуглуулсан оноогоороо ялалт байгуулна, мөн өрсөлдөгч робот 10 секундын турш ажиллагаанаас гарсан тохиолдолд Knockout-д тооцож эсрэг баг шууд ялна. Инженерүүд, Их сургуулийн оюутнууд, Технологийн компаниуд ихэвчлэн оролцдог тухайн тэмцээн нь Роботын салбарт нэгэн төрлийн сонирхолтой өнгө үзэмж нэмж буйгаас гадна маш олон үзэгчийг татаж байгаа юм.

Home – BattleBots

ABU ROBOCON

Мэдээж роботын тэмцээн бүр тулаан, түрэмгийлэлтэй биш билээ. Үүний нэгэн томоохон жишээ бол ABU ROBOCON юм. Анх 2002 онд Японд зохиогдож байсан тухайн тэмцээн нь Ази, Номхон далайг хамарсан олон улсын тэмцээн бөгөөд оюутан залуусын мэдлэг ухаан, ур чадвар, авхаалж самбааг шаардсанаараа онцлогтой. Тухайн тэмцээнд манай Монгол улс 2004 онд анх удаа орж байсан бөгөөд тухайн ондоо 4-р байр, 2019 онд 2-р байр, 2021 онд 2-р байрыг тус тус эзэлж байсан ба энэ ондоо хоёрдох удаагаа өөрсдийн улсдаа зохион байгуулах гэж байна. Зохион байгуулах гэж буй улс нь тухайн жилдээ дүрмийг нь тодорхойлох ба ихэвчлэн багууд 2, 2 роботоор даалгавар биелүүлэн оноо цуглуулах байдлаар өрсөлддөг. Энэ жилийн дүрэм нь Сагсанбөмбөг буюу багууд хоорондоо сагсанбөмбөг тоглож өрсөлдөх юм.

Home | ABU Robocon 2025 | MNB, Mongolia

First Robotic Competition (FRC)

FRC нь FIRST(For Inspiration and Recognition of Science and Technology) байгууллагаас зохион байгуулагддаг олон улсын роботын тэмцээн юм. Ахлах сургуулийн хүүхдүүдийг хамарсан, STEM боловсрол, багаар ажиллах чадварыг хүүхдүүдэд суулгахад анхаарсан тэмцээн юм. FRC нь 30 гаруй улсаас 3000 баг, 90’000 орчим хүүхдүүд ур ухаанаа сорьж өрсөлддөг, NASA, Google, Boeing, Apple, Lockheed Martin, Microsoft гэх мэт дэлхийн хэмжээний том байгууллагууд ивээн тэтгэдэг маш том хүрээг хамарсан тэмцээн юм. Мөн тухайн жилд орж амжилт гаргасан хүүхдүүдэд ойролцоогоор 80 сая долларын буюу 280 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгодог байна. ABU Robocon болон FRC тэмцээн нь Robot Pro-Wrestling Dekinnoka!, BattleBots -оос ялгаатай нь үзэгчдэдээ бус оролцогч оюутан хүүхэд залуус руугаа анхаарч чиглэсэн тэмцээн юм.

FIRST Robotics Competition | FIRST

Robot Challenge World Championship

Robot Challenge World Championships нь мөн хүүхэд, оюутан залуусын ур ухаан, мэдлэг чадвар, авхаалж самбааг сорьсон дэлхийн хэмжээний том тэмцээн билээ. Тухайн тэмцээнд манай Монгол улсыг оролцуулан 30 гаруй улсын 30’000 орчим оролцогчид өрсөлддөг томоохон тэмцээн юм. Энэхүү тэмцээнд оролцогчид нь 8-н төрөлд өрсөлдөнө:

  • Line Follower
    Цагаан талбай дээр хар зугаас дагах маш хурдан роботууд
  • Sumo Robot (Mini, Mega, Humanoid Sumo)
    Тэмцээний рингээс нэг нэгнийгээ түлхэн гаргах сумочин роботууд
  • Humanoid Sprint
    Хүн дүрстэй роботууд нэг нэгэнтэйгээ уралдах
  • Puck Collect
    Роботууд шайбуудыг цуглуулан, заасан талбай дээр авчрах
  • Air Race
    Дроноор уралдах
  • Robot Football (Soccer)
    Автомат эсвэл удирдлагатай роботууд хөлбөмбөг тоглох.
  • Innovative Projects
    Шилдэг роботын инновациудыг шалгаруулах

гэх төрлүүдээр өрсөлдөх бөгөөд 2024 оны тэмцээнд манай Монгол улс нь тухайн төрлүүдэд 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж дэлхийд чансаагаараа 4-т жагссан билээ. Энэ оны тэмцээн нь 8 сарын 14-нд зохион байгуулагдах юм. 2004 онд анхныхаа тэмцээнийг Австрид зохиогдож байсан ба 2017 оноос хойш албан ёсоор Хятадад зохиогдож эхэлсэн билээ.

首页-RobotChallenge

UB Robot Challenge

UB Robot Challenge тэмцээн нь Нийслэлийн Засаг даргын санаачилгаар өмнөх онд 2-дох жилдээ зохион байгуулагдсан бөгөөд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 2-12 дугаар ангийн 400 гаруй шинжлэх ухаан, технологид сонирхолтой хүүхэд залуус оролцож, роботын 13 төрлөөр өрсөлдсөн юм.

Тус тэмцээн нь 2025 оны сүүлээр мөн зохион байгуулагдах бөгөөд робот сонирхогч хүүхэд багачуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Автомат Робот

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн, Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулиас жил бүр 2 удаа зохиогддог Автомат Роботын тэмцээн нь мөн хүүхэд залуучууд өөрсдийн хийж бүтээсэн роботоор 5-н төрөлд өрсөлддөг:

  • Шулуун замын уралдаан
  • Микро мауз
  • Тойрог замын уралдаан
  • Шоо цуглуулагч робот
  • Програмчилдаг Дрон

Гэсэн төрлүүд байдаг ба Програмчилдаг Дрон төрөл нь энэ онд шинээр нэмэгдэж байгаа юм. Тухайн тэмцээнд маш олон ахлах сургууль, их сургуулийн хүүхдүүд оролцож мэдлэг чадвараа сорьдог билээ.

Роботик инженерчлэлийн салбарыг сурталчлах, тухайн салбарт илүү чадварлаг инженерүүдийг бэлдэх, сонирхогч хүүхэд багачуудын мэдлэгийг тэлж, хөгжүүлэх зорилгоор дэлхий дахинд маш олон төрлийн тэмцээн, уралдаан зохиогддог билээ. Бидний хүүхэд байхаасаа үзэж өссөн роботуудын тулаан бидний эргэн тойронд олон төрлөөр зохиогддог бөгөөд сонирхсон хэн болгон өөрсдийгөө сорьж өрсөлдөх бүрэн боломжтой юм. Роботын тэмцээн уралдаанд орж өрсөлдсөнөөр тухайн оролцогчдын маш олон төрлийн чадвар нь хөгжинө:

  • Техникийн болон программын мэдлэг
  • STEM боловсрол
  • Багаар ажиллах ур чадвар
  • Тэсвэр хатуужил, ачаалал даах
  • Олон үндэстний соёл, туршлага солилцох
  • Бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх

гэх мэт Hardskill болон Softskill сайжирснаар ирээдүйд ихийг бүтээх мундаг инженер болох үндэс суурь нь тавигдах билээ.

Leave a Reply