fbpx

Бид өдөр бүр интернет орчинд зураг нийтэлж, мессеж солилцож, шинэ цахим хаягууд нээдэг. Харин бид дижитал ертөнцөөс тодорхойгүй хугацаагаар холдох эсвэл цахим хаягаа идэвхтэй ашиглахаа болих үед бидний үлдээсэн дижитал ул мөр яадаг вэ? Тэдгээр мэдээллийг хэн хадгалж, хэн хариуцлага хүлээдэг вэ?

Сошиал медиа дахь дурсамж

Хэдийгээр бид цахим хаягаа ашиглахаа больсон ч Facebook, Instagram зэрэг сошиал платформууд дээрх аккаунтууд автоматаар устдаггүй. Оксфордын Интернетийн Хүрээлэнгийн (Oxford Internet Institute) судалгаанд дурдсанаар ойрын хэдэн арван жилд сошиал платформ дахь идэвхгүй хаягуудын тоо идэвхтэй хэрэглэгчдийнхээс давж магадгүй гэсэн тооцоо бий. Хэрэв тухайн аккаунтыг Дурсгалын хуудас (Memorialized account) болгох хүсэлт гаргаагүй тохиолдолд хэрэглэгчийн нийтэлсэн пост, зураг, мэдээлэл интернет орчинд тодорхой эзэнгүйгээр, тодорхойгүй хугацаанд хадгалагдсаар үлддэг. Ийм эзэнгүй аккаунтууд нь цаг хугацааны явцад кибер халдлагын бай болох, спам болон хуурамч контент түгээх эрсдэл дагуулах боломжтой юм.

Үүлэн сан дахь түгжигдсэн мэдээллүүд

Өнөөдөр бидний хамгийн нандин дурсамжууд болох зураг, видео, бичвэрүүд iCloud, Google Photos зэрэг үүлэн хадгалалтын системүүдэд (Cloud Computing) хадгалагддаг. Гэвч эдгээр мэдээллийн эзэмшигч хаягаа ашиглахаа больсон, эсвэл гэнэт алга болсон тохиолдолд үүлэн сан нь түгжигддэг.

Хэрвээ хэрэглэгч нууц үгээ хэнд ч үлдээгээгүй, эсвэл тусгай тохиргоо хийгээгүй бол технологийн компаниуд хувийн нууцын бодлогын улмаас өөр хүнд хандах эрх өгөх нь бараг л боломжгүй. Иймээс ихэвчлэн 2 жил ба түүнээс дээш хугацаанд идэвхгүй байсан хаягийн өгөгдлийг серверээсээ бүрмөсөн устгах процесс эхэлдэг. Энэ нь тухайн хүний амьдралын түүх, дурсамж болсон бүх зураг, видео, баримт бичиг үүрд устах эрсдэлтэй гэсэн үг юм.

Дижитал залгамжлагч ба ирээдүйн төлөвлөгөө

Технологийн компаниуд мэдээллийг эзэнгүй үлдээхгүйн тулд дижитал өв төлөвлөлт (Digital Estate Planning) гэх функцуудыг боловсруулсан.

Жишээ нь: Google-ийн Inactive Account Manager нь хэрэглэгч тодорхой хугацаанд идэвхгүй байвал итгэмжлэгдсэн хүнд мэдээллийг шилжүүлэх эрхийг олгодог.

Мөн Apple-ийн legacy Contact нь хэрэглэгч хаягтаа хандах боломжгүй болсон үед зураг, файлуудыг татаж авах тусгай кодыг итгэмжлэгдсэн хүнд олгодог. Энэ нь таны гэр бүл, хайртай хүмүүст таны бүтээсэн дижитал үнэт зүйлсийг хадгалж үлдээх боломжийг бүрдүүлдэг чухал алхам болсон.

Дижитал иргэншил ба хариуцлагатай хэрэглээ

Аливаа байгууллагын удирдлага, ажилтнуудын олон жилийн турш хуримтлуулсан ажлын чухал материалууд зөвхөн хувь хүний хаягт хадгалагдах нь тухайн газрын оюуны өв эзэнгүйдэх, мэдээлэл алдагдах эрсдлийг дагуулдаг.

Иймээс байгууллагын дундын сан болон нэгдсэн систем ашиглан мэдээллээ системтэйгээр нэгтгэх нь мэдээллийн залгамж чанарыг хадгалах хамгийн үр дүнтэй арга юм.

Мөн хувь хүний интернетэд үлдээж буй дижитал мөр (Digital Footprint) нь тэдний ирээдүйн карьер, нэр хүндийн салшгүй хэсэг болж үлддэг тул хүн бүр өөрийн үүсгэж буй мэдээлэлдээ хариуцлагатай, эзэн байх соёлыг төлөвшүүлэх нь дижитал эриний чухал шаардлага болж байна.

Төгсгөлд нь хэлэхэд та өөрийн ашигладаг гол хаягуудын (Google, Apple, Facebook) тохиргоо руу орж Legacy Contact эсвэл Inactive Manager хэсэгт итгэмжлэгдсэн хүнээ бүртгүүлээрэй. Энэ нь таны дижитал ертөнцөд үлдээсэн үнэ цэнтэй бүхнээ хамгаалах хамгийн энгийн арга юм шүү.

Leave a Reply