fbpx

Олон зуун жилийн турш чулуужсан түлш шатаасны эцэст бидний амьдарч буй гаргийн маань агаар мандалд нүүрстөрөгч хуримтлагдаж дэлхий минь өмнөх шигээ эрүүл байхаа больж байна. Тухайн CO2 ялгаруулалтыг бууруулах нь дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудал бөгөөд шинэхэн стартап компаниуд энэхүү асуудлыг шийдэх олон төрлийн санаа дэвшүүлэн хөгжүүлж байгаа билээ.
Энэ сорилтын дунд байгаль, шинжлэх ухаан, инженерчлэлийн огтлолцолд нэгэн сонирхолтой санаа төрсөн нь Carbon Collect компанийн бүтээл болох MechanicalTree™, буюу “механик мод” юм. Тус мод нь амьд бус ч агаараас нүүрсхүчлийн хийг ялган шүүж авахдаа амьд модноос даруй мянга дахин илүү үр дүнтэй байдаг байна.

Хамгийн анхны механик мод нь 2022 оны хавар Аризона мужийн их сургуулийн кампус дээр суурилуулагдсан. Тус мод нь тухайн сургуулийн тогтвортой инженерийн профессор Клаус Лакнер-ийн агаараас шууд CO2 татах (Direct Air Capture, DAC) судалгаан дээрээс санаа авч хөгжүүлэгдсэн төсөл бөгөөд Carbon Collect компани нь тухайн төхөөрөмжийг худалдааны түвшинд болгож дараагийн түвшин рүү шилжүүлжээ.

Механик мод нь 2.7 метрийн өндөртэй, агаараас нүүрсхүчлийн хийг шүүж авах үедээ 10 метр хүртэл уртаашаа сунадаг.

Энэхүү модны “навч” нь бидний мэдэх навчнаас огт өөр, олон давхарласан дугуй дискнүүд байх бөгөөд салхи үлээх бүрд “навчнууд” нь агаарын урсгалыг ашиглан нүүрсхүчлийн хийг шингээдэг. Механик мод нь ийнхүү “пассив” буюу байгалийн агаарын хөдөлгөөнөөр ажилладаг тул энерги их бага зарцуулж энгийн DAC төхөөрөмжүүдээс ялгардаг байна.
Харин мод дүүрэн амьсгалсан үедээ хураагдаж, битүү орчинд CO₂-г суллан гаргаж авдаг. Энэ мөчлөг дахин давтагдаж, механик модны “амьсгал” үргэлжилнэ.

Carbon Collect нь 2022 онд 10 сая еврогийн хөрөнгө татан технологийн судалгаанд дэмжлэг авч туршилтаа өргөжүүлж байсан бол 2024 онд АНУ-ын Эрчим хүчний яамнаас дэмжлэг авч “Gen-II MechanicalTree” буюу хоёрдугаар үеийн, илүү хөнгөн, ухаалаг загвараа танилцуулсан.

Carbon Collect дэлхий даяар сая сая механик мод суулгаж carbon farm байгуулах, агаар дахь хорт хийн хэмжээг мэдэгдэхүйц бууруулах мөрөөдөлтэй ажиллаж байгаа юм. Эдгээр мод нь төмөр, металлуудын нэгдэл ч гэсэн байгальд итгэх итгэл, шинжлэх ухаанд найдах хүний хүсэл тэмүүллийг агуулсан билээ. Ийм хэдэн сая модтой болсноор бид нар дэлхийгээ эмчилж дахин эрүүл дэлхийтэй болцгоох болно.

MechanicalTree нь байгаль, шинжлэх ухаан, хүн гурвыг холбосон шинэ уушги юм.

Та илүү олон дэлхийг инженерчлэх санаануудтай танилцмаар байвал доорх бичлэгийг үзнэ үү.

Leave a Reply