Өнөө үеийн технологийн хөгжлийн нэг гайхамшиг бол процедурын генераци юм. Алгоритмын хүчийг ашиглан хүний гараар бус автоматаар контент, орон зай, ертөнцийг бүтээдэг арга. Энэ нь өгөгдөл, газрын зураг, хот, ургамал, эсвэл бүр бүхэл бүтэн гаригийг алгоритм ба санамсаргүй байдал ашиглан үүсгэдэг процесс бөгөөд тоглоом хөгжүүлэлт, кино, архитектур, шинжлэх ухааны симуляц зэрэг олон салбарт хэрэглэгддэг.

Процедурын генераци нь хөгжүүлэгчдэд цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ хязгааргүй контент үүсгэх боломж олгодог. Тоглоом эсвэл орчныг гараар бүтээхэд хүн хүч, цаг хугацаа их шаарддаг бол процедурын аргаар хэдхэн алгоритмаар сая сая хувилбарыг автоматаар гаргаж болно. Үүний ачаар тоглоом бүр дахин тоглох бүрдээ шинэ, өвөрмөц мэдрэмж төрүүлдэг.
Процедурын генерацид ашиглагддаг арга техник олон янз байдаг. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь Noise функцүүд, ялангуяа Perlin Noise ба Simplex Noise юм. Эдгээр нь байгалийн хэлбэлзэл бүхий газрын хэлбэр, уул, үүл, далай зэргийг үүсгэхэд ашиглагддаг бөгөөд Minecraft-ийн газрын бүтэц үүсэх үндэс нь ч үүн дээр суурилдаг.

Жишээ нь, Minecraft тоглоомд тоглогч бүрийн ертөнц өвөрмөц байдаг. Гэхдээ энэ нь зүгээр нэг санамсаргүй биш нэг ижил seed оруулбал яг адил ертөнц дахин үүснэ. Энэ нь тоглоомд давтагдах боломжтой санамсаргүй байдал (reproducible randomness) бий болгож, хөгжүүлэгчдэд туршилт, тоглогчдод хамтран тоглох нөхцөл бүрдүүлдэг.

Процедурын генерацийн хамгийн том давуу тал бол хязгааргүй контент, бага санах ойн хэрэглээ, түргэн хөгжүүлэлт, мөн дахин тоглох чадвар өндөр байдагт оршдог. Minecraft-ийн хувьд, тоглогч бүр шинэ map үүсгэх бүрдээ бүрэн шинэ дэлхийд хөл тавьдаг. Уул, далай, агуй, тосгон бүгд алгоритмаар шинээр бий болдог. Энэ нь тоглоомыг дахин дахин тоглоход уйдахгүй болгодог.
Гэвч сул талууд ч бас бий. Процедурын генераци заримдаа тэнцвэргүй түвшин үүсгэж, тоглогчид гацах эсвэл хэт хялбар нөхцөлд тоглох эрсдэлтэй тул хөгжүүлэгчид ихэнхдээ гар аргаар бүтээгдсэн (hand-crafted) хэсгийг процедурын контенттой хослуулдаг. Zelda: Breath of the Wild үүний тод жишээ бөгөөд ертөнц нь алгоритмаар үүсдэг ч даалгавар, shrine зэрэг нь гар аргаар хийгдсэн байдаг.

Энэ нь тоглоом хөгжүүлэлтийн түүхэнд хувьсгал авчирсан технологи юм. Rogue (1980) тоглоомоос эхэлж Minecraft, No Man’s Sky, Terraria, Valheim зэрэг олон тоглоомд энэ арга хөгжсөөр ирсэн. Энэ технологийн хүч нь зөв алгоритм, уран сэтгэмж, хүний бүтээлч мэдрэмжийн нэгдэлд оршдог. Тоглоом хөгжүүлэгч бүрт процедурын генераци бол хязгааргүй уран бүтээлийн хаалгыг нээдэг түлхүүр юм.