fbpx

Бид өдөр бүр компьютер, гар утас, ухаалаг цаг зэрэг төхөөрөмж хэрэглэдэг. Эдгээр нь асар их мэдээлэл хадгалж, тооцоолж чаддаг. Гэхдээ нэг бодоод үз дээ — компьютер яаж “санадаг” юм бол? Хүн тархиа ашигладаг шиг, машин ч гэсэн өөрийн гэсэн “тархитай”. Харин тэр тархины хамгийн жижиг эс нь триггер юм.

Триггерүүдийг удирдах зарчмаас нь хамааран латч (latch) болон флип-флоп (FF) гэж ангилдаг. Латч нь огт клокын оролтгүй эсвэл клокын импульсийн 1 эсвэл 0 төлөвөөр удирдагддаг бол флип-флоп нь клокийн өсөх болон буурах фронтоор удирдагддаг.

Флип-флопууд нь дараах төрлүүдтэй байдаг.

№1 D-FF

D триггерийг Data буюу Delay триггер гэж нэрлэдэг.
Нэг оролт “D” ба нэг Clock оролттой.
Clock ирэх мөчид D оролтын утга Q-д хадгалагддаг. D триггер нь “хадгалах эс” буюу 1 битийн санах ойн эс болдог.

№2 SR-FF

SR триггер нь хамгийн анхан шатны триггер юм.
Хоёр оролттой — “S” (Set) ба “R” (Reset), мөн нэг гаралттай “Q”.

“Set” оролт идэвхтэй бол гаралт “1” болно. “Reset” оролт идэвхтэй бол гаралт “0” болно. Хоёулаа идэвхгүй үед гаралт хуучин утгаа хадгална.

№3 JK-FF

JK триггер бол SR триггерийн сайжруулсан хувилбар.
SR-ийн сул тал нь “S=1, R=1” үед тодорхой бус төлөв үүсдэг.
Харин JK триггер үүнийг зөв toggle (сэлгэх) зарчмаар шийддэг.

№4 T-FF

T триггер нь JK триггерийн тусгай тохиолдол юм.
T = 1 үед гаралт эсрэг төлөв рүү шилжинэ,
T = 0 үед хуучин утгаа хадгална.

T = 1 → Q = эсрэг утга. T = 0 → Q = өөрчлөгдөхгүй.

Триггер компьютерийн дотор юу хийдэг вэ?

Триггер бол компьютерийн бүх санах ойн үндэс.
Тэр дараах үүргүүдийг гүйцэтгэдэг:

  • Санах ой (Memory) – 1 ба 0-уудыг хадгална.
  • Бүртгэгч (Register) – түр хугацаанд өгөгдөл дамжуулна.
  • Тоолуур (Counter) – цаг, үйлдэл, дарааллыг тоолно.
  • Процессорын удирдлага – дараагийн үйлдлийг хянаж, мэдээллийг шилжүүлнэ.

Өөрөөр хэлбэл, триггергүй бол компьютер ямар ч мэдээлэл санах чадваргүй байх байсан.

Хүний тархи ба триггер

Хүн тархиныхаа эсээр дурсамж хадгалдаг шиг, компьютер триггерүүдээрээ мэдээлэл хадгалдаг.
Нэг триггер нэг бит хадгална — 8 триггер нийлбэл 1 байт, олон байт нийлбэл гигабайт болж томордог.

Тэгэхээр утасныхаа “64 GB” гэсэн бичгийг харахдаа тэр нь асар олон триггерүүдийн нийлбэр юм гэж ойлгож болно.

Leave a Reply