Орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийн үндсэн чиг хандлагуудын нэг нь серверийн нөөцийн оновчтой удирдлага болон системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх явдал юм. Үүний гол түлхүүр технологи нь серверийн виртуалчлал бөгөөд энэ нь физик серверийн нөөцийг программын түвшинд хийсвэрлэж, нэг төхөөрөмж дээр олон бие даасан виртуал орчныг зэрэгцүүлэн ажиллуулах боломжийг олгодог.

Серверийн виртуалчлал гэж юу вэ?
Серверийн виртуалчлал нь процессор (CPU), санах ой (RAM), хадгалах төхөөрөмж, сүлжээ зэрэг физик нөөцийг программ хангамжин дээр хийсвэрлэн, хэд хэдэн виртуал машин (VM) хэлбэрээр хуваарилан ашиглах технологи юм. Виртуал машин бүр бие даасан систем учир програм суулгах, тохиргоо хийх, турших, ачаалал тэнцвэржүүлэх зэрэг олон үйлдлийг системийн бусад хэсэгт нөлөөлөлгүйгээр гүйцэтгэх боломжтой байдаг. Энэ хийсвэрлэлийг хэрэгжүүлэгч гол бүрэлдэхүүн хэсэг нь hypervisor юм.

Hypervisor
Hypervisor нь виртуал машинуудыг үүсгэх, эхлүүлэх, унтраах, нөөц хуваарилах, тусгаарлалт хангах зэрэг үндсэн үүргийг хариуцна. Технологийн түвшинд hypervisor-ийг хоёр төрөлд ангилна.
Type-1 (Bare-Metal) Hypervisor
- Физик сервер дээр шууд суурилж ажилладаг.
- Хост үйлдлийн систем шаардлагагүй.
- Гүйцэтгэл өндөр, системийн хоцролт бага.
- Дата төвүүд, кластер, үүлэн тооцооллын орчинд хамгийн өргөн ашиглагддаг.
Type-2 (Hosted) Hypervisor
- Windows, Linux, macOS зэрэг хост үйлдлийн систем дээр ажилладаг.
- Туршилт, хөгжүүлэлт, сургалтын орчинд зориулагдсан.
- Хэрэглэхэд хялбар тул хувь хэрэглэгчдэд тохиромжтой.

Серверийн виртуалчлал нь нэг сервер дээр олон системийг зэрэгцүүлэн ажиллуулах боломж олгосноор байгууллагуудын нөөцийн хэрэглээг эрс сайжруулж, хөгжүүлэлт болон үйл ажиллагааны процессыг хурдасгаж байна.