fbpx

Өнгөрсөн арван жилд вэб хөгжүүлэлт зөвхөн текст, зурагтай байсан бол сүүлийн үед 3D визуализаци руу эрчимтэй шилжиж байна. Өнөөдөр бид вэб дээр бүтээгдэхүүний 3D загвар, интерактив тоглоом, виртуал орчин бүтээх боломжтой боллоо. Гэхдээ эдгээр боломжийг хэрхэн хялбар хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал асуудал юм.

Өмнө нь вэб дээр шууд 3D орчин байгуулах нь төвөгтэй байв. Учир нь WebGL код бичих шаардлагатай бөгөөд энэ нь энгийн хөгжүүлэгчдэд хүндрэлтэй байсан. WebGL нь маш хүчирхэг ч, төвөгтэй тул геометрийн тооцоолол, шейдер програмчлал, матрицын математикийн гүнзгий мэдлэг шаарддаг байв.

Харин three.js нь энэ бүх төвөгтэй ажиллагааг илүү энгийн, ойлгомжтой API-д хөрвүүлсэн JavaScript сан юм. Өөрөөр хэлбэл, three.js ашигласнаар та вэб хөтөч дээр 3D объект, гэрэлтүүлэг, анимаци, текстур, VR/AR бүхий интерактив орчинг маш хурдан үүсгэх боломжтой болсон.

Three.js гэж юу вэ?

three.js нь WebGL дээр суурилсан, нээлттэй эхийн JavaScript сан бөгөөд дараах боломжуудыг бүрдүүлдэг:

  • 3D объект үүсгэх (шоон бие, бөмбөрцөг, хавтгай болон өөрийн загвар)
  • Гэрэлтүүлэг ба материал ашиглан бодит дүрслэл боловсруулах
  • Анимаци гаргах
  • glTF, OBJ, FBX зэрэг 3D файлуудыг импортлох
  • VR/AR бүрдүүлэх

Энэхүү санг 2010 онд Рикардо Кабелло (mrdoob) бүтээсэн бөгөөд өнөөдөр GitHub-д идэвхтэй хөгжүүлэгдэж, 100,000 гаруй од авсан байна. Дэлхийн олон вэб хөгжүүлэгчид, дизайнерууд өдөр бүр 3D визуализаци, тоглоом, интерактив веб сайт хийхэд ашигладаг.

Three.js-ийг сурахад хялбар бөгөөд хурдан хөгжүүлэлт хийх боломжтой юм. Бүх орчин үеийн веб хөтөчийг дэмждэг, олон төрөлжсөн жишээ болон өргөтгөлтэй, маш уян хатан кросс-платформ шийдэл билээ. Та энгийн 3D visualization-аас эхлээд VR/AR хүртэл хамгийн өргөн хүрээнд ашиглаж чадна.

Three.js-ийн үндсэн бүтэц

Three.js дээр 3D орчин үүсгэхэд дараах үндсэн элементүүд шаардлагатай:

  1. Scene (Үзэгдэл): Энэ нь бүх 3D объектууд, гэрэл, камер байрлах контейнер юм. Театрын тайзтай адилтгаж болно. Энд таны бүх объектуудыг нэмж, зохион байгуулна.
  2. Camera (Камер): Энэ нь үзэгчийн нүд бөгөөд scene-г харахад ашиглагдана. Хоёр төрөл байдаг:
    • PerspectiveCamera: Реалистик гүн харагдуулдаг (холын объект жижиг харагдана).
    • OrthographicCamera: 2D шиг хавтгай харагдуулдаг.
  3. Renderer (Зурагч): Энэ нь WebGL ашиглан scene-г canvas дээр зурдаг engine юм. Таны 3D орчныг браузерын canvas элемент дээр бодит байдлаар дүрсэлдэг.
  4. Mesh (3D Объект): Энэ нь geometry (хэлбэр) болон material (өнгө, текстур)-ийн нэгдэл юм. Жишээлбэл, BoxGeometry болон MeshBasicMaterial-ийг хослуулснаар cube гарч ирнэ.

Three.js-ийн онцлог боломжууд

3D Объект ба Геометр

three.js нь олон төрлийн стандарт геометрүүдийг санал болгодог. Үүнд:

  • BoxGeometry: Шоо хэлбэр
  • SphereGeometry: Бөмбөлөг
  • PlaneGeometry: Хавтгай талбай
  • CylinderGeometry: Цилиндр
  • ConeGeometry: Боргио
  • TorusGeometry: Цагираг

Та мөн өөрийн хэлбэрийг vertex болон face ашиглан custom geometry үүсгэж болно. BufferGeometry нь өндөр performance-тай геометр үүсгэхэд тохиромжтой. Parametric shapes ашиглан математик функцээр тодорхойлогдсон хэлбэрүүд бүтээж болно.

Three.js юунд ашиглагддаг вэ?

Вэб тоглоомуудад three.js ашигласнаар HTML5 болон WebGL-ийн тусламжтайгаар уралдааны тоглоом, буудлагын болон puzzle, олон тоглогчтой онлайн тоглоом зэргийг шууд браузер дээр ажиллуулдаг.

Онлайн худалдааны платформууд бүтээгдэхүүнээ 3D байдлаар харуулах, эд зүйлсийг эргүүлж үзэх, өнгө болон материал өөрчлөх, дэлгэрэнгүйгээр томруулж харах, цаашлаад нэмэлт AR функцээр тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн орчинд байрлуулж турших боломжтой байдаг.

VR/AR туршлага хөгжүүлэхэд three.js нь WebXR Device API-тай уялдаж, виртуал аялал, AR-based дэлгүүр хэсэх, 360° видео, VR сургалт зэрэг төрөл бүрийн шийдэл бүтээхэд хэрэглэгддэг. Архитектурын 3D визуализацид интерьер, барилгын загвар, хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн виртуал аялал зэрэгт өргөн хэрэглэгдэнэ.

Мөн урлаг, креатив чиглэлийн интерактив installation, генератив урлаг, хөгжмийн визуализаци, дижитал үзэсгэлэн зэрэг төсөлд ашиглаж байна.

Three.js нь вэб хөгжүүлэгчдэд 3D дүрсийг хялбар бүтээх, интерактив сайт хийх хүчирхэг хэрэгсэл юм. JavaScript мэддэг бол шууд эхлэж болох бөгөөд WebGL-ийн төвөгтэй кодыг энгийн API болгосон нь хамгийн том давуу тал юм. cross-platform учраас бүх хөтөчид ажиллана. Энгийн cube-с VR/AR хүртэл хийх боломжтой.

Таны HTML, CSS, JavaScript мэдлэгийг ашиглан вэб дээр 3D орчинг амилуулах боломжийг олгодог тул энгийн 2D canvas-аас 3D хүртэлх шилжилтийг маш хялбар болгодог.

Хэрвээ та илүү гүнзгий суралцахыг хүсвэл Three.js-ийн дотоод архитектур, performance optimization, advanced shaders, WebGL basics, 3D математик зэрэг сэдвүүдийг судлаарай.

Leave a Reply