Програм бичиж үзэж байсан хүн бүр “MVC” гэдэг үгийг нэг удаа ч бол сонссон байдаг. Анх харахад учир битүүлэг товчлол шиг боловч үнэндээ цаанаа тийм ч аймшигтай зүйл биш. Зүгээр л кодоо эмх цэгцтэй байлгах гэсэн хамгийн үндсэн санаа.
- Model — Өгөгдлийн ерөнхий зураг
- View — Хэрэглэгчид харагдах өгөгдөл
- Controller — Удирдагч тус тусад нь дэлгэрэнгүй тайлбарлавал :

Model — Өгөгдлийн ерөнхий зураг
Model бол өгөгдөлтэй холбоотой бүх зүйлийг агуулна . Өгөгдлийн сан руу хүсэлт явуулах, бизнес логик болон дүрэм шалгах гээд системийн тархи юм.
Жишээ нь:
Хэрэглэгчийн бүртгэл, барааны жагсаалт, захиалгын мэдээлэл… бүгд Model.
View — Хэрэглэгчид харагдах өгөгдөл
View бол хамгийн асуудал багатай хэсэг. Хэрэглэгч юу харна, юу буцаж ирнэ, ямар JSON, ямар HTML харагдах вэ гэдгийг энэ шийднэ.
Backend дээр бол голцуу:
- HTML харуулна
- эсвэл JSON хариу буцаана
Товчхондоо, би хэрэглэгчид юу үзүүлэх вэ ? гэдэгтэй холбоотой.
Controller — Удирдагч
Хэрэглэгч ямар нэг хүсэлт явууллаа гэж бодъё:
- “/users”
- “/login”
- “/products/123”
Энэ бүхнийг хамгийн түрүүнд Controller хүлээж авна. Дараа нь Model руу өгөгдөл явуулж, авсан үр дүнгээ View руу дамжуулж, эцэст нь хариу болгоод хэрэглэгч рүү буцаадаг.
Энд голдуу:
- Шалгалт
- Чиглүүлэлт
- Холболтын логик
хэрэгждэг билээ .
Тэд яаж хамт ажилладаг вэ ?
Хэрэглэгч → Controller → Model → View → Хариу
Ийм л энгийн.

MVC яагаад ийм алдартай вэ ?
Учир нь:
- Код нь хэзээ ч хоорондоо хутгалдаж coupling ихэсдэггүй
- Засварлахад амар
- Багийн ажилд маш тохиромжтой
- Томорсон ч бүтцийн хувьд эвдрэхгүй
- Бүх том фрэймворкууд дээр бараг стандарт болсон
Spring Boot, Laravel гээд бүгд л энэхүү зарчмаар явдаг.