fbpx

Өмнө нь програм ашиглахын тулд CD суулгах, лиценз худалдаж авах, компьютер бүр дээр тохиргоо хийх шаардлагатай болдог байсан. Харин өнөөдөр энэ бүхэн аажмаар түүх болж үүний оронд SaaS (Software as a Service) буюу “үйлчилгээ хэлбэрийн програм хангамж” хэмээх ойлголт гарч ирсэн. SaaS гэдэг нь програмыг компьютер дээрээ суулгахгүйгээр, интернэтээр дамжуулан шууд ашиглах загвар бөгөөд бидний сайн мэдэх Gmail, Google Drive, Notion, Zoom зэрэг өдөр тутам ашигладаг олон сервис нь SaaS-ийн тод жишээ юм.

SaaS ба уламжлалт програмын ялгаа

Уламжлалт програмууд ихэвчлэн нэг компьютерт, нэг хэрэглэгчид зориулагддаг байсан бол SaaS нь клауд орчинд ажилладаг буюу програмыг сая хэрэглэгч нэгэн зэрэг ашиглах боломжийг олгодог гэсэн үг. Шинэчлэлт гарах бүрт хэрэглэгч юу ч хийхгүй бүх зүйл сервер дээр автоматаар шинэчлэгдэнэ. Энэ нь програм хөгжүүлэгчдэд ч, хэрэглэгчдэд ч цаг, зардал хэмнэдэг.

SaaS-ийн гол давуу тал нь хялбар байдал. Хэрэглэгчид програм суулгах, шинэчлэх, эвдрэх вий гэж санаа зовох шаардлагагүй. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Нэг бүртгэлээр олон төхөөрөмжөөс нэвтрэх боломж нь орчин үеийн хөдөлгөөнт амьдралд төгс тохирдог гэж хэлж болно.

Ямар бизнесүүд SaaS-ийг сонгодог вэ?

SaaS programs

Өнөөдөр зөвхөн IT компаниуд биш, сургууль, банк, даатгал, худалдаа, логистик гээд бараг бүх салбар SaaS-д шилжиж байна. CRM, ERP, сургалтын систем, санхүүгийн програмууд SaaS хэлбэрт орсноор байгууллагууд дотоод сервер барих шаардлагагүй болж, аюулгүй байдал, зэрэг асуудлыг сервис нийлүүлэгчид хариуцах болсон.

SaaS-ийн онцгой шинэлэг тал ба сул тал

SaaS платформуудын нэг том давуу тал нь тасралтгүй хөгждөг явдал юм. Хэрэглэгчдийн өгсөн санал дээр үндэслэн функцууд байнга сайжирч, хиймэл оюун, автоматжуулалт, өгөгдлийн анализ зэрэг орчин үеийн технологиуд хурдан нэвтэрдэг. Ингэснээр хэрэглэгч бүр хамгийн сүүлийн үеийн боломжийг шууд ашигладаг.

Мэдээж төгс систем гэж байхгүй. SaaS нь интернэтээс бүрэн хамааралтай. Интернэт тасарвал үйлчилгээ доголдох магадлалтай. Мөн өгөгдөл гуравдагч талын сервер дээр хадгалагддаг тул аюулгүй байдлыг найдвартай нийлүүлэгчээр хангах нь маш чухал.

SaaS, PaaS, IaaS зэргийн ялгаа нь юу вэ?

IaaS vs PaaS vs SaaS

SaaS бол хэрэглэгчдэд шууд харагддаг, бэлэн програмын түвшин. Харин үүний доор илүү гүнзгий давхаргууд бий. PaaS (Platform as a Service) гэдэг нь хөгжүүлэгчдэд зориулсан платформ юм. Сервер, сүлжээ, суурь тохиргоо бодолгүйгээр зөвхөн код дээрээ төвлөрөх боломж олгодог. Веб аппликейшн, API, backend системүүд ихэвчлэн PaaS дээр хөгждөг.

Үүнээс доош түвшинд IaaS (Infrastructure as a Service) оршино. Энэ нь сервер, хадгалах сан, сүлжээ зэрэг цэвэр дэд бүтцийг үйлчилгээ хэлбэрээр санал болгодог загвар. Байгууллагууд өөрсдийн сервер барихын оронд IaaS ашигласнаар хэрэгцээндээ тохируулан нөөцөө нэмэх, багасгах боломжтой болдог. Энгийнээр хэлбэл: IaaS бол суурь, PaaS бол ажлын ширээ, SaaS бол бэлэн хэрэглэгдэх програм юм.

Дүгнэлт

SaaS бол програм хангамжийг ашиглах шинэ философи. Энэ загвар нь хэрэглэгчдэд хялбар байдал, бизнесүүдэд уян хатан хөгжил, хөгжүүлэгчдэд тасралтгүй сайжруулах боломжийг олгож байна. Тиймээс SaaS нь зөвхөн технологийн чиг хандлага биш, харин орчин үеийн дижитал ертөнцийн үндсэн суурь болж чаджээ.

Боловсролыг Инженерчлэв.

Leave a Reply