fbpx

Ажайл гэж юу вэ?

Ажайл (Agile) нь төслийн удирдлага болон программ хангамжийн хөгжүүлэлтийг илүү үр дүнтэй, уян хатан байдлаар хэрэгжүүлэх аргачлал юм. Энэхүү аргачлал нь төслийг томоор нь нэг дор хийхийн оронд жижиг үе шатуудад хуваан, тасралтгүй сайжруулж хэрэгжүүлдгээрээ онцлогтой.

Ажайл аргачлалын гол зорилго нь өөрчлөгдөж буй шаардлагад хурдан дасан зохицох, багийн хамтын ажиллагааг сайжруулах, хэрэглэгчид бодит үнэ цэн тасралтгүй хүргэхэд оршдог. Багууд төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах гэсэн давтагдах мөчлөгөөр ажилласнаар төслийн явцыг тогтмол сайжруулж байдаг.

Ажайл аргачлалын үүсэл

Ажайл программ хангамж хөгжүүлэлтийн манифест нь 4 үнэт зүйл, 12 зарчмыг тодорхойлсон баримт бичиг юм. Уламжлалт, шугаман хөгжүүлэлтийн процесс нь хурд, уян хатан байдлын шаардлагыг хангаж чадахгүй болсон тул 2001 оны 2-р сард 17 программ хангамж хөгжүүлэгчийн санаачилгаар энэхүү манифест нийтлэгдсэн. Эдгээр үнэт зүйл, зарчмууд нь Ажайл багуудын ажиллах арга барил, шийдвэр гаргалт болон ахиц дэвшлийг хэмжих үндэс болдог.

 Ажайлын 4 үнэт зүйл

  •  Хүмүүс ба хамтын ажиллагаа –   Процесс, хэрэгслээс илүүтэйгээр багийн харилцаа, хамтын ажиллагааг чухалчилна.
  •  Ажиллахуйц программ хангамж –   Өргөн хэмжээний баримт бичгээс илүү бодитоор ажилладаг программ чухал.
  •  Хэрэглэгчтэй хамтран ажиллах –  Гэрээ, нарийн заалтаас илүү хэрэглэгчийн санал, оролцоог үнэлнэ.
  •  Өөрчлөлтөд хурдан хариу үзүүлэх –   Хатуу төлөвлөгөөг баримтлахаас илүү уян хатан байж, өөрчлөлтөд дасан зохицно.

 Ажайлын 12 зарчим

  1. Хэрэглэгчид эрт бөгөөд тасралтгүй үнэ цэн хүргэж сэтгэл ханамжийг бий болгох
  2. Төслийн аль ч үед гарсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх
  3. Жижиг, ойр давтамжтайгаар үнэ цэн хүргэх
  4. Баг хоорондын нягт хамтын ажиллагааг дэмжих
  5. Идэвхтэй, урам зоригтой хүмүүсээр төслийг хэрэгжүүлэх
  6. Нүүр тулсан харилцааг хамгийн үр дүнтэй гэж үзэх
  7. Ажиллахуйц программ хангамжийг ахицын гол хэмжүүр болгох
  8. Тогтвортой, жигд ажлын хэмнэл баримтлах
  9. Чанарыг эрхэмлэх нь уян хатан байдлыг нэмэгдүүлнэ
  10. Энгийн, илүүцгүй шийдлийг эрхэмлэх
  11. Өөрөө зохион байгуулалттай баг хамгийн их үнэ цэн бүтээнэ
  12. Тогтмол дүгнэж, тасралтгүй сайжруулалт хийх

Leave a Reply