fbpx

Хэдхэн жилийн өмнө “программист хүн “google” ашиглаж чаддаг байхад л болно” гэдэг байлаа. “Google”-дээд хамгийн эхэнд гарч ирдэг, бидний бүх асуудлыг шийддэг байсан “авралын од” бол Stack Overflow. Гэтэл өнөөдөр байдал орвонгоороо эргэж байна. Final Round AI болон бусад эх сурвалжуудын датаг харвал, энэ аварга платформ ChatGPT-ийн нөлөөгөөр түүхэндээ байгаагүй “Downfall” болжээ.

1. “Дуугүй бай, энийг өмнө нь асуусан байна!” буюу Токсик орчин

Stack Overflow-ийн уналтын хамгийн том шалтгаан нь ердөө л “за за, асуухаа болилоо” гэдэг сэтгэл зүй. Шинэ залуу хөгжүүлэгч нэг юм асуухаар өөдөөс нь “Duplicate” (өмнө нь асуусан байна) гэж улайтал нь тэмдэглэх, эсвэл “Асуултаа зөв тавьж сур” гэж загнадаг “том ах нар” тэнд маш их.

Харин ChatGPT таныг хэзээ ч загнадаггүй. Та хэчнээн тэнэг, хэчнээн анхан шатны юм асуусан ч тэр “За, ойлголоо. Ингэж бичвэл зүгээр…” гээд маш найрсаг хариулна. Хүн болсон хойно загнуулж байснаас зааж өгдөг найрсаг AI-г сонгох нь тодорхой.

2. Дата юу хэлж байна вэ? (Цомхотгол ба Уналт)

Энэ бол зүгээр нэг цуу яриа биш. Тоо баримт нь аймшигтай гарч байгаа:

  • Хандалт: Stack Overflow 2008 онд “Launch” хийснээсээ хойш түүхэн доод хэмжээндээ хүрээд байна.
  • Цомхотгол: Хэрэглэгчид нь багасаад эхлэнгүүт тус компани нийт ажилтнуудынхаа 28 хувийг (бараг 3 хүн тутмын нэгийг) халсан.
  • Асуултын тоо: Шинээр асуулт тавих хүмүүсийн тоо сар бүр багассаар байна.

3. “Өөрийгөө идэх” аюул буюу AI-ийн парадокс

Энд нэг маш сонирхолтой, магадгүй аюултай зүйл бий. ChatGPT болон бусад хиймэл оюун ухаанууд Stack Overflow дээрх хүмүүсийн бичсэн хариултууд дээр “суралцаж” ухаантай болсон. Гэтэл одоо хүмүүс Stack Overflow-т хариулт бичихээ болиод, зөвхөн AI-аас асуугаад байвал яах вэ?

Хэрэв Stack Overflow хоосорвол, хиймэл оюун ухаанд суралцах “шинэ өгөгдөл” олдохгүй. Технологи минут секундээр шинэчлэгдэж байхад AI хуучин дата дээрээ гацаж, яваандаа алдаатай код өгдөг болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, AI өөрийг нь тэжээж байсан эх сурвалжаа “алж” байна гэсэн үг.

4. Тэд бууж өгөөгүй: Google-тэй ХАМТАРСАН

Stack Overflow зүгээр суугаад дампуурчихыг хүсэхгүй байгаа. Тэд саяхан Google-тэй хамтарч, өөрсдийн датагаа Google-ийн Gemini-д албан ёсоор ашиглуулахаар болсон. Төлбөрөө ч авна. Мөн “OverflowAI” гэдэг өөрийн гэсэн хиймэл оюуныг гаргаж, хүмүүст хэлэлцүүлэг дундаас хайх биш, шууд хариулт өгдөг болохоор оролдож байна.

Дүгнэлт: Бид юуг анхаарах ёстой вэ?

Бидний мэдэх “Хэлэлцүүлгийн талбар” болох Stack Overflow-ийн үе дуусч байх шиг байна. Гэхдээ энэ нь программистууд тэнэг болно гэсэн үг биш. Харин ч бид хурдтай ажилладаг болов. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй: AI бол туслах болохоос багш биш. Түүний өгсөн кодыг шууд “Copy-Paste” хийхээсээ өмнө Stack Overflow дээрх шиг “Яагаад ингэж байгаа юм бол?” гэж боддог шүүмжлэлт сэтгэлгээгээ гээж болохгүй.