fbpx

Олон хүн AdBlocker буюу зар сурталчилгаа хаагчийг зөвхөн вэб хуудсыг цэвэрхэн харагдуулахад ашигладаг гэж боддог. Гэвч энэ нь буруу ойлголт юм. 2025 оны байдлаар интернет дэх зар сурталчилгааны орчин улам бүр түрэмгий, хэрэглэгчдийн хэрэглээг муутгаад зогсохгүй. Нууцлал, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. AdBlocker-гүйгээр интернет ашиглах нь бараг боломжгүй болсон гэж хэлж болхоор.

AdBlocker-ийн үндсэн давуу тал нь зар сурталчилгааг харагдуулдаггүй нь юм. Өнөөдөр вэб хуудсууд banner зар, pop-up цонх, авто тоглуулах видео заруудаар дүүрэн байна. Эдгээр нь зөвхөн төвөгшөөл төдийгүй хуудас ачаалагдах хурдыг удаашруулж, дата зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Судалгаагаар, зар хаагч ашиглахад хуудас ачаалагдах хурд хоёр дахин нэмэгдэж, дата хэрэглээ 40-50% буурдаг байна. Ялангуяа мобайл төхөөрөмж дээр энэ нь баттерей хэмнэх, хурдад чухал ач холбогдолтой.

Гэхдээ AdBlocker-ийн хамгийн чухал үүрэг нь хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахад оршино. Ихэнх онлайн зар сурталчилгаа нь зөвхөн бүтээгдэхүүн сурталчлах бус, хэрэглэгчийн өгөгдлийг цуглуулдаг tracker-уудтай холбогддог. tracker-ийн тусламжтайгаар таны хайлтын түүх, сонирхол, байршил зэрэг хувийн мэдээлэл цуглуулагдан, зарчилагчдад зарж борлуулагддаг. Энэ нь зорилтот зар гаргахад ашиглагддаг ч, мэдээллийг алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. AdBlocker нь эдгээр tracker-ийг хааснаар таны дижитал мөрийг багасгаж, нууцлалыг эрс сайжруулдаг. Судалгаагаар, АНУ-д хэрэглэгчдийн 40-45% нь нууцлал хамгаалах зорилгоор AdBlocker ашигладаг байна.

Илүү ноцтой нь “malvertising” буюу муу санаатай зар сурталчилгаа юм. Энэ нь хууль ёсны зар сүлжээнд нэвтэрсэн malware агуулсан зар бөгөөд, хэрэглэгч дарсан ч үгүй байхад вирус тархааж, өгөгдөл хулгайлах, ransomware суулгах, эсвэл аккаунт хакердах боломжтой. 2025 оны байдлаар malvertising халдлага өмнөх жилүүдээс 40% орчим нэмэгдсэн бөгөөд, мобайл төхөөрөмж дээрх malware-ийн 12-16% нь ийм заруудаас үүсдэг. Кибер гэмт хэрэгтнүүд алдартай вэбсайт, хайлтын системийн зарыг ашиглан халдлага үйлддэг тул антивирус дангаараа хангалтгүй. AdBlocker нь эдгээр муу зарыг урьдчилан хааж, халдлагаас сэргийлдэг учраас аюулгүй байдлын мэргэжилтнүүд, тэр ч байтугай зарим засгийн газрын байгууллагууд (жишээ нь Австралийн дохио мэдээллийн алба) AdBlocker ашиглахыг зөвлөдөг.

Мэдээж AdBlocker нь төгс биш. Зарим вэбсайт зар хаагчийг илрүүлж, контент хаах эсвэл “AdBlocker унтраа” гэж шаарддаг. Мөн зарнаас орлого олдог жижиг сайт, нийтлэлчидэд нөлөөлдөг учраас ёс зүйн асуудал үүсдэг. Гэхдээ энэ нь хэрэглэгчийн эрх – та өөрийн туршлага, аюулгүй байдлаа эрүүлжүүлэх эрхтэй. Шийдэл болгон whitelist (цагаан жагсаалт) ашиглан итгэлтэй сайтдаа зарыг зөвшөөрч болно.

Дүгнэж хэлбэл, өнөөгийн интернетэд AdBlocker нь тансаглал биш, зайлшгүй шаардлага болсон. Энэ нь зөвхөн зарыг хаахаас гадна хурдыг нэмэгдүүлж, дата хэмнэж, хамгаас чухал нь нууцлал болон аюулгүй байдлыг хангана. uBlock Origin, AdGuard зэрэг найдвартай, үнэгүй хэрэгслүүдийг суулгаж, илүү аюулгүй, таатай интернетийг мэдрээрэй.

Leave a Reply