fbpx

Бид өдөр тутамдаа ухаалаг төхөөрөмжүүдээрээ дамжуулан интернет ашиглаж, мэдээлэл хайж, аппликейшнүүдийг хэрэглэдэг. Энэ бүх үйлдэл Client–Server загвар дээр суурилдаг. Хэрэглэгчийн төхөөрөмж (Client) нь серверт хүсэлт илгээж, сервер нь хариу өгдөг. Энэ загвар нь интернэт, аппликейшн, цахим үйлчилгээний үндэс суурь болдог.

Амьдрал дээрх энгийн жишээ

Та нарийн боовны газар орж, “нэг шоколадтай бялуу өгөөч” гэж хэллээ гэж төсөөлье. Энэ үед та хүсэлт илгээж буй хэрэглэгч (Client), харин таны захиалгыг хүлээн авч, тохирох бялууг олж өгч буй нарийн боовчин (Server) юм. Нарийн боовчин таны хүсэлтийг ойлгоод, бэлэн байгаа бүтээгдэхүүнээс сонгон гаргаж өгдөг. Компьютерийн ертөнцөд ч мөн адил — таны төхөөрөмж (Client) серверт хандаж, “энэ мэдээллийг өгөөч” гэж хүсэхэд, сервер яг тохирох мэдээллийг олж танд илгээдэг.

Бидний хэрэглэдэг аппууд яаж ажилладаг вэ?

Та YouTube дээр бичлэг үзэхэд, төхөөрөмж тань серверт хүсэлт илгээж, сервер танд видео илгээдэг. Gmail ашиглахад таны захиа сервер дээр хадгалагдаж, зөвшөөрөлтэй үед л танд үзүүлдэг. Банкны аппууд ч ялгаагүй, таны мэдээллийг хамгаалалттай серверүүд дээр хадгалж, зөвхөн хүсэлтийн хариуд илгээдэг. Энэ бүхэн Client–Server зарчмаар хурдтай, найдвартай ажилладаг.

Технологийн цаадах бүтэц

Client–Server загварын ард маш нарийн, боловч уялдаа холбоотой технологиуд ажилладаг. Жишээлбэл, HTTP (HyperText Transfer Protocol) бол вэб хөтчөөс сервер рүү хүсэлт илгээхэд ашиглагддаг үндсэн протокол юм. Та Chrome ашиглан веб хуудас нээхэд HTTP хүсэлт үүсч, серверээс тухайн хуудасны код, зураг, өгөгдөл зэргийг илгээдэг. Харин TCP/IP (Transmission Control Protocol / Internet Protocol) нь энэ мэдээллийг найдвартай, зөв дарааллаар дамжуулах үүрэгтэй — яг л шуудангийн систем шиг, илгээмж бүрийг хаягтай, дугаарласан байдлаар илгээдэг гэсэн үг.

Client буюу хэрэглэгчийн төхөөрөмж (гар утас, компьютер гэх мэт) нь эдгээр протоколуудыг ашиглан сервер рүү холбогдож, мэдээлэл илгээж, авдаг. Харин сервер бол илүү хүчирхэг, өндөр хүчин чадалтай компьютер эсвэл өгөгдлийн төв (data center) бөгөөд олон хэрэглэгчид зэрэг хандаж болохуйц боловсруулалтын болон хадгалалтын чадвартай. Программистууд эдгээр Client болон Server-ийг хооронд нь холбох системийн арын логик, өгөгдлийн сан, аюулгүй байдлыг зохион байгуулдаг. Үүний үр дүнд та вебсайт, аппликейшн ашиглах бүртээ бүхэл бүтэн техникийн ертөнцийн хаалгаар алхаж буй хэрэг юм.

Яагаад энэ загвар чухал вэ?

Client–Server загвар нь өнөөдөр бидний цахим амьдралыг хөдөлгөж буй суурь технологи юм. Хэрэв сервер байхгүй бол бид мессеж илгээж чадахгүй, видеонууд ч тоглуулахгүй байх байсан. Бүх үйлчилгээ төвлөрсөн байдлаар хадгалагддаг тул аюулгүй байдал, хурдац сайжирдаг. Тиймээс бидний “хүсэлт”-үүдийг хүлээн авч, хариу илгээдэг энэ чимээгүй систем орчин үеийн амьдралын зүрх нь болжээ.

Эх сурвалж

https://www.liquidweb.com/blog/client-server-architecture

https://www.interviewbit.com/blog/client-server-model/

Холбоотой нийтлэлүүд

https://www.tee.education/api-application-programming-interface/

https://www.tee.education/peer-to-peer-network/

Leave a Reply