Дижитал технологи сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж, хүний өдөр тутмын амьдралын бараг бүх талбарт нэвтэрсэн. Харилцаа холбоо, боловсрол, эрүүл мэнд, санхүү, төрийн үйлчилгээ хүртэл цахим хэлбэрт шилжсэн нь амьдралыг илүү хялбар болгож байгаа ч үүний зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг дижитал орчинд хэрхэн хамгаалах вэ гэсэн шинэ асуултыг бий болгож байна. Энэхүү асуудлыг хамарсан ойлголтыг дижитал эрх (digital rights) хэмээн нэрлэдэг.
Дижитал эрх гэж юу вэ?
Дижитал эрх гэдэг нь интернэт болон дижитал технологи ашиглах үед хүн бүрд хамаарах хүний үндсэн эрх, эрх чөлөөний цогц ойлголт юм. Үүнд дараах эрхүүд хамаарна:
- Интернэт болон дижитал үйлчилгээд тэгш, чөлөөтэй нэвтрэх эрх
- Хувийн мэдээлэл, нууцлалаа хамгаалуулах эрх
- Цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
- Мэдээлэл хайх, авах, түгээх эрх
- Алгоритм, автомат шийдвэрийн нөлөөнд шударга бусаар өртөхгүй байх эрх
Эдгээр эрх нь бодит ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн дижитал орчин дахь үргэлжлэл юм.

Интернэтэд нэвтрэх эрх ба дижитал ялгаа
Интернэт нь өнөө үед боловсрол эзэмших, мэдээлэл авах, ажил хөдөлмөр эрхлэх үндсэн хэрэгсэл болсон. Гэсэн хэдий ч хот, хөдөөгийн ялгаа, орлогын түвшин, нас, боломж зэргээс шалтгаалан хүн бүр дижитал орчинд ижил түвшинд оролцож чаддаггүй. Үүнийг дижитал ялгаа (digital divide) гэж нэрлэдэг. Дижитал ялгаа нь:
- Боловсролын тэгш бус байдал
- Мэдээлэлд хүрэх боломж хязгаарлагдах
- Эдийн засаг, нийгмийн оролцоо буурах
зэрэг сөрөг үр дагавартай. Иймээс дижитал эрхийг бодитой хэрэгжүүлэхийн тулд интернэтийн хүртээмж, дижитал боловсролыг нэмэгдүүлэх бодлого чухал юм.

Хувийн мэдээлэл ба нууцлал
Орчин үеийн дижитал платформууд хэрэглэгчийн байршил, зан төлөв, сонирхол, санхүүгийн мэдээлэл зэрэг асар их өгөгдөл цуглуулж, боловсруулдаг. Хэрэв эдгээр мэдээлэл ил тод бус, зохисгүй байдлаар ашиглагдвал хүний хувийн амьдралд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Дижитал эрхийн хүрээнд та дараах боломжийг эдлэх ёстой:
- Тухайн платформд таны ямар мэдээлэл хадгалагдаж, ашиглагдаж байгааг мэдэх
- Мэдээллээ засварлуулах, устгуулах
- Гуравдагч этгээдэд дамжуулахыг хязгаарлах
Хувийн мэдээллийг хамгаалах нь зөвхөн хувь хүний асуудал бус, ардчилал, итгэлцэл, аюулгүй байдлын үндэс юм.

Үзэл бодлоо илэрхийлэх
Интернэт нь хүн бүрд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал бодлоо олон нийтэд хүргэх өргөн боломжийг олгодог орон зай юм. Гэвч үүний зэрэгцээ цахим орчинд худал мэдээлэл санаатайгаар тараах, ёс бус үг хэллэг ашиглан доромжлох, бусдыг айлган сүрдүүлэх, дарамт үзүүлэх зэрэг сөрөг үзэгдлүүд түгээмэл ажиглагдаж байна.

Алгоритм, хиймэл оюун ухаан ба дижитал эрх
Алгоритм, хиймэл оюун ухаан нь цахим платформ дээр ямар контент хэрэглэгчид харагдах, санхүүгийн байгууллагаас зээл олгох эсэх, байгууллага ажилд хэнийг сонгох зэрэг хүний амьдралд шууд нөлөөлөх чухал шийдвэрүүдийг гаргахад өргөн ашиглагдаж байна. Эдгээр системүүд нь хүний оролцоогүйгээр автоматаар шийдвэр гаргах боломжтой боловч хэрэв тэдгээр нь ил тод бус, өрөөсгөл өгөгдөл дээр суурилсан тохиолдолд тодорхой хувь хүн, нийгмийн бүлгийг ялгаварлан гадуурхах эрсдэл үүсдэг.
Иймээс дижитал эрхийн хүрээнд алгоритм, хиймэл оюун ухааны нөлөөнд өртөж буй хувь хүн өөрт нь хамаарах автомат шийдвэр яагаад, ямар шалгуураар гарсныг мэдэх боломжтой байх ёстой юм.

Дижитал эрх нь зөвхөн технологийн асуудал биш, харин хүний эрхийн орчин үеийн шинэ хэлбэр юм. Технологи хөгжихийн хэрээр иргэдийн эрхийг хамгаалах хууль, бодлого, иргэний мэдлэг, оролцоо зэрэг нь зэрэгцэн хөгжих шаардлагатай. Хэрэв бид дижитал орчинд өөрсдийн эрхийг мэдэж, хамгаалж чадвал технологи нь хяналт, дарамтын хэрэгсэл бус харин хүний хөгжил, эрх чөлөөг дэмжих хүчирхэг боломж болж чадна.