esbuild нь олон хэсэгтэй программыг хурдан, цэгцтэй, ашиглахад бэлэн болгодог автомат боловсруулагч хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, олон JavaScript (JS) болон TypeScript (TS) файлыг нэгтгэж (bundle), хөрвүүлж (transpile), шахаж (minify), production орчинд ашиглахад бэлэн код болгон хувиргадаг өндөр гүйцэтгэлтэй build хэрэгсэл юм.
esbuild-ийг 2020 онд Evan Wallace бүтээсэн бөгөөд түүний үндсэн зорилго нь JavaScript болон TypeScript кодыг маш хурдан боловсруулах, орчин үеийн браузер болон стандартуудыг шууд дэмжих, мөн хөгжүүлэгчийн build орчныг аль болох хялбаршуулах явдал байв.
Esbuild-ийн онцлог нь Go хэлээр бичигдсэн явдал юм. Go хэл нь системийн түвшний гүйцэтгэл, олон цөмт (multi-threaded) боловсруулалтыг үр ашигтай дэмждэг тул Esbuild-ийн хурдны үндэс болж өгдөг.

Архитектур ба ажиллагааны зарчим
esbuild-ийн архитектур нь дараах үндсэн үе шатуудаас бүрдэнэ:
- Parsing (Шинжилгээ) – JavaScript/TypeScript кодыг синтаксийн мод (AST) болгон задлах
- Bundling (Нэгтгэх) – Олон файлыг dependency-ийн дагуу нэг эсвэл цөөн файл болгон нэгтгэх
- Transform (Хувиргалт) – TypeScript → JavaScript, JSX → JS зэрэг хөрвүүлэлт
- Minification (Шахалт) – Кодын хэмжээг багасгах
- Output (Гаралт) – Бэлэн build файлууд үүсгэх
Эдгээр шат бүрийг esbuild параллель байдлаар гүйцэтгэдэг нь уламжлалт JavaScript-д суурилсан build хэрэгслүүдээс ялгарах гол хүчин зүйл юм.

Хэрэглээ
Front-end SPA (React, Vue, Svelte), Node.js сервер төслүүд, CI/CD орчин дахь хурдан build, Development серверийн хурд сайжруулах зэрэгт Esbuild-ийг өргөн хэрэглэдэг. Сонирхуулахад орчин үеийн framework-ууд (Vite гэх мэт) Esbuild-ийг дотооддоо ашиглаж байгаа бөгөөд энэ нь түүний ач холбогдлыг баталж байна.