Хиймэл оюун ухааны түүх зөвхөн XX, XXI зуунаар тогтохгүй. Эртний грекийн домогт Зевс бурханы хүсэлтээр Гефестус бурхан Европа гүнжийг хулгайлахаар ирсэн муу санаатай хүмүүсээс Крит хэмээх арлыг хамгаалах үүрэгтэй Талос гэдэг нэртэй аварга том хүрэл машиныг бүтээсэн гэж гардаг. XIV зууны алхимчүүдийн санаанаас эхлээд XIX зуунд зөгнөлт зохиолуудаар олны дунд алдаршсан Хомункулус хэмээх хиймэл хүний талаар 1832 онд хэвлэгдсэн Гётегийн Фауст жүжгийн хоёрдугаар бүлэгт гардаг. Энэ мэтчилэн бид хиймэл оюун ухааны талаар тодорхой хэмжээнд төсөөлөлтэй байсаар иржээ.
Философийн нөлөө
Хиймэл оюун ухаан руу чиглэсэн эхний алхам—Аристотель (МЭӨ 384-322) тэргүүтэй философичид хүний сэтгэхүйг тодорхой хэлбэрт оруулах боломжтой гэдгийг анх ойлгож syllogisms буюу таамаглалаас дүгнэлт гаргах боломжийг олгодог логик системийг бүтээсэн ба олон зууны дараа Томас Хоббс (1588-1679) энэ санааг гүнзгийрүүлж, үндэслэл нь бодлыг нэмэх, хасахтай харьцуулах тооцоололтой адил, хүний сэтгэхүй нь үндсэндээ үйл ажиллагаа болгон багасгаж болох үйл явц гэж үзсэн.
Оюун санаа, бие махбодын асуудал—Рене Декартийн хоёрдмол үзэл философи нь машинууд физик үйл ажиллагааг дуурайж чаддаг ч оюун ухаан нь материаллаг бус, өөр өөр зарчмаар удирддаг тул машинууд хэзээ ч жинхэнээр сэтгэж чадахгүй гэж үздэг. Нөгөө талд материализмыг дэмжигч философичид Декартыг эсэргүүцэж, оюун ухаан нь бие махбодоос салангид биш, харин тархины физик үйл явцын бүтээгдэхүүн гэж үздэг нь хиймэл оюун ухааны хувьд зөв зохиомж, үйл явцын тусламжтайгаар бодол, үндэслэл, оюун ухаан бүгдийг машинд хуулбарлах боломжтой гэсэн санааны үндэс юм.
Мэдлэг хаанаас ирдэг вэ гэсэн асуулт нь хиймэл оюун ухааны хөгжлийг бүрдүүлсэн. Эмпиризмын1 хөдөлгөөний нэг хэсэг байсан Жон Локк (1632–1704), Дэвид Хьюм (1711–1776) зэрэг философичид мэдлэг нь мэдрэхүйн туршлагаас үүсдэг гэж үздэг. Машин сургалтын явцад системийг их хэмжээний өгөгдөлд ил гаргаж, хэвээс суралцах боломжийг олгодог бөгөөд энэ нь элементүүдийн хоорондын олон дахин холбоо нь ерөнхий дүрэмд хүргэдэг Хьюмын индукцийн зарчим2 билээ.
Математикийн нөлөө
Логик—Жорж Буль (1815–1864) хоёртын тооллын системийн тооцооллын үндэс болсон Булийн логикийг хөгжүүлж, машинуудад дедуктив дүгнэлт хийх боломжийг олгосон. Готлоб Фреге (1848–1925) энэ логикийг нэгдүгээр зэрэглэлийн логик болгон өргөжүүлж, хиймэл оюун ухаанд дэлхий дээрх объект, харилцааны талаар дүгнэлт хийх боломжийг олгосон. Хожим Альфред Тарски (1902–1983) хиймэл оюун ухааны хэрэглээнд зайлшгүй шаардлагатай логик хийсвэрлэлүүдийг бодит ертөнцтэй холбосон.
Тооцоолол—XX зууны эхээр анхны компьютертэй төстэй машинууд бүтээгдэн компьютерын шинжлэх ухаан хөгжиж эхэлснээр хиймэл оюуны талаарх судалгаа шинжилгээ илүү хүчтэйгээр хийгдэж эхэлсэн. Курт Годелийн бүрэн бус байдлын теорем нь хиймэл оюун ухааны логик хил хязгаарт нөлөөлж, бүх үнэн мэдэгдлийг батлах боломжгүй гэдгийг харуулсан. 1941 оны эхээр английн математикч, онолын биологич, програмист Алан Тюринг (1912–1954) машины оюун ухааны талаар бичиж тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1950 онд Тюринг Imitation Game3 тоглоомд машин ялж чадах уу? гэсэн санаагаар Mind сэтгүүлд “Computing Machinery And Intelligence” хэмээх нийтлэлийг бичиж хэвлүүлсэн байдаг. Дараа нь Тьюрингийн машиныг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь алгоритмаар юуг тооцоолж болох тухай ойлголтыг гаргаж, орчин үеийн тооцооллын үндсэн суурь болсон.
Магадлал—Математик нь мөн тодорхойгүй байдлын үед сэтгэн бодох арга хэрэгслийг өгдөг. Блэйз Паскаль (1623-1662), Томас Бэйс (1702-1761) зэрэг хүмүүсийн санаачилсан магадлалын онол нь бүрэн бус эсвэл хоёрдмол утгатай мэдээллийг боловсруулах ёстой хиймэл оюун ухааны системд зайлшгүй шаардлагатай болж, 1987-1995 онуудад магадлалын онол, математик анализад хиймэл оюун ухаан хүчтэй нэвтэрч, Belief Network4 гэх санаа гарснаар олон хиймэл оюунтай холбоотой хүндрэлтэй асуудлуудыг шийдэж чадсан.

- Эмпиризм – туршлагын үүднээс юманд хандах үзэл ↩︎
- Индукцын зарчим – Индуктив хандлагыг хэрэгжүүлэхдээ ажиглалтын багцаас эхэлж, дараа нь тэдгээр туршлагаас тэдгээр туршлагын талаархи илүү ерөнхий багц санал руу шилждэг. Өөрөөр хэлбэл өгөгдлөөс онол руу, эсвэл тусгайгаас ерөнхий рүү шилждэг. ↩︎
- Анхны хувилбарт эрэгтэй, эмэгтэй, байцаагч бүхий 3 хүн хамтарна. Байцаагч нь үлдсэн 2 хүнээс хүйсийг нь тодорхойлох боломжгүй үгсээр асуулт асууж, хариулт авах замаар харилцаж, тухайн хүмүүсийн хүйсийг таах зорилготой. Эхний хүн нь байцаагчийг буруу шийдвэр гаргахад хүргэх, хоёр дахь хүн нь байцаагчийг зөв шийдвэр гаргахад туслах ёстой. Алан Тюринг харин эхний хүнийг машинаар сольвол юу болох тухай асуултыг дэмшүүлсэн ба ингэснээр эхний тоглогч нь машин, хоёр дахь тоглогч нь хүн, гурав дахь тоглогч нь энэ 2 тоглогчийн аль нь жинхэнэ хүн болохыг олох зорилготой байцаагч болсон. Байцаагч нь компьютерын терминал дээр текст бичих замаар 2 тоглогчтой харилцана. Хэрэв байцаагч хэн нь хүн, хэн нь машин гэдгийг баталгаатай хэлж чадахгүй болсон тохиолдолт машин энэ тоглоомонд ялна ↩︎
- Байесын Belief Network нь тодорхой багц дахь санамсаргүй хэмжигдэхүүнүүд хоорондох янз бүрийн магадлалын хамаарлын граф бүхий дүрслэл юм. Нийцтэй магадлалаас үүдэн энэ сүлжээн дэх магадлалыг P(attribute | parent) нөхцөл дээр үндэслэн гаргадаг. ↩︎