Өглөө бүр нэг л мэдэхэд “энэ имэйлийг арай цэгцтэй болгочих”, “энэ сэдвийг 5 минутын дотор ойлгуулчих”, “энэ код яагаад алдаа өгөөд байна?” гэж ChatGPT рүү бичээд сууж байдаг хүмүүс улам олширсоор.
Зарим нь түүнийг хайлт хийх хэрэгсэл шиг ашиглана. Зарим нь ажлаа хийлгэдэг туслах болгож харна. Харин өөр хэсэг нь санаа, мэдрэмжээ илэрхийлэх хамтрагч шиг хэрэглэнэ.
Тэгвэл хүмүүс үнэхээр ChatGPT-г яг юунд хамгийн их ашиглаж байна вэ?
Америкийн NBER (National Bureau of Economic Research)-ийн гаргасан “How People Use ChatGPT” нэртэй судалгааны үр дүнгээс харахад хэрэглээг гурван том бүлэгт хувааж болно: Asking, Doing, Expressing. Энэ гурав бол яг л “асуух–хийлгэх–бүтээх” гэсэн өнөөгийн дижитал зан үйл.
1) Asking (49%) — “Надад тайлбарлаад өг”
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн бараг тал нь ChatGPT-г хамгийн түрүүнд асуулт асуух, мэдээлэл лавлах, зөвлөгөө авах зорилгоор ашиглажээ.
Тодруулбал:
- Мэдээлэл хайх (15%) — “Энэ ойлголт яг юу вэ?”, “Ялгаа нь юу вэ?”
- Зөвлөгөө авах (12.5%) — “Ийм нөхцөлд яах вэ?”, “Ямар сонголт дээр нь дээр вэ?”
- Суралцах (8.3%) — “Надад алхам алхмаар заагаад өг”, “жишээтэй тайлбарла”
Эндээс нэг сонирхолтой зүйл харагдана: хүмүүсийн хувьд ChatGPT нь “зүгээр нэг чатбот” биш, харин асуултад хурдан хариулдаг мэдлэгийн хамтрагч болчихжээ. Google-ээс хайж олон линк ухахын оронд “яг миний асууж байгаа өнцгөөр, богино, ойлгомжтой хэлбэрээр” мэдээллээ авахыг хүсдэг зан төлөв давамгайлж байна.
Зөвхөн ажлын хэрэглээ:
- Doing (54.7%) – Бичих (24.7%), код бичих (13%) хамгийн өндөр.
- Asking (39.4%) – Мэдээлэл хайх (14.2%), практик зөвлөгөө (10.9%)
- Expressing (5.9%) – Хамгийн бага хэрэглээ
2) Doing (40.4%) — “Үүнийг хийж өг”
Хоёр дахь том блок бол ажил гүйцэтгүүлэх. Нийт хэрэглээний 40.4% нь ChatGPT-г шууд утгаараа “үйлдэл хийдэг туслах” шиг ашиглаж байна.
Дотор нь:
- Бичүүлдэг (16.1%) — пост, тайлан, илтгэл, имэйл, CV, төлөвлөгөө, тайлбар…
- Код бичүүлдэг (7.8%) — функц бичих, алдаа засах, алгоритм тайлбарлуулах…
- Бусад ажил хийлгэдэг — санаа гаргуулах, бүтэц зохиолгох, товчлол гаргуулах, хүснэгт/жагсаалт эмхлэх гэх мэт
Энд гол санаа нь: хүмүүс ChatGPT-г “асуултанд хариулдаг” түвшнээс давуулаад ажлын урсгалыг хурдасгадаг хэрэгсэл болгож байна. Өмнө нь 1–2 цаг зарцуулдаг байсан зүйлийг 10–15 минут болгох боломж эндээс гарч ирдэг.
3) Expressing (10.6%) — “Миний санааг илүү гоё хэлээд өг”
Хамгийн бага хувьтай ч хамгийн “хүний” хэрэглээ бол Expressing (10.6%). Энэ нь:
- Санаа бодлоо эмхэлж илэрхийлэх
- Бүтээлч бичлэг, дүр, санаа гаргалт
- Өөрийнхөө бодлыг “толинд” тусгаж харах мэт хэлбэрүүд
Өөрөөр хэлбэл, хүмүүс ChatGPT-г зөвхөн ажлын хэрэгсэл биш, өөрийгөө илэрхийлэх, бүтээлч байдлаа асаах орчин болгож хэрэглэж эхэлжээ. Хувь нь бага ч, нийгмийн талаасаа бол маш сонирхолтой дохио: “AI = зөвхөн productivity” биш, “AI = creativity, expression” гэдэг чиглэл нээгдэж байна.
Тэгвэл та өөрөө аль төрөлд багтаж байна вэ?
Өөрийгөө нэг шалгаад үз:
- Та ихэвчлэн асуулт асууж мэдээлэл, зөвлөгөө авдаг уу? → Asking
- Та хийлгэж бүтээл/ажлын гарц гаргадаг уу? → Doing
- Та санаагаа илэрхийлж, бүтээлч байдлаа асаадаг уу? → Expressing
Ихэнх хүн энэ гурвыг хольж хэрэглэдэг. Гол нь зорилгоо тодорхойлж чадвал ChatGPT-г “зүгээр нэг чат” биш, үнэхээр “супер туслах” болгож болно.