fbpx

Хэдүүлээ Робот гээд зүгээр л төсөөлөөд үзэцгээе. Бидний толгойнд түрүүлээд л, дэлгэцээс үзэж өссөн Star wars-ийн C-3POThe Iron GiantOptimus PrimeBaymaxAtom гэх мэт мартагдашгүй роботуудын дүрүүд маань төсөөлөгдөх биз ээ. Харин хэдүүлээ сайн ажиглавал энэхүү робот дүрүүдийн нэгэн нийтлэг шинж чанар нь бүгд хүн төрхтэй байгаад юм. Яагаад робот заавал хүн төрхтэй байх ёстой гэж? Яагаад, робот хүн төрхтэй байна гэсэн хашигдмал ойлголт, бидний толгойнд суув? Хүн төрхтэй роботын давуу тал болон сул тал нь юу вэ? гэх асуултуудад хэдүүлээ хариулцгаая.

Энэхүү хүн төрхтэй роботын хэвшмэл ойлголтыг судлахын тулд бүгдээрээ багахан цаг хугацаагаар аялцгаая. Хамгийн анхны хүн төрхтэй роботын санаа Манай Эриний Өмнөх 250 онд дурдагдсан байдаг бөгөөд тэр үе рүү буюу 2275 жилийн өмнөх рүү аялж үзэцгээе.

Жоугийн Хаан Му, Ян Ши инженертэй уулзлаа:
“Хаан өөрийнх нь нүдний урд байх Ян Ши инженерийн бүтээсэн хүн төрхтэй бүтээлийг гайхаж, бишрэн зогсоно. Толгойгоо дээш доош хөдөлгөн, хурдан хурдан алхаж байхыг нь үзвэл хүн гэж андуурмаар. Тэрхүү хиймэл хүн гараараа эрүүндээ хүрч маш уран яруугаар дуулж эхэллээ. Дуулж дуусахынхаа алдад тэрхүү робот нүдээ ирмэж хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд рүү дөхөхөд, Хаан уурлаж роботыг хэдэн хэсэг болгон задалж жинхэнээсээ робот мөн эсэхийг нь шалгахад тухайн робот зөвхөн арьс шир, мод, цавуу, лакаар л бүтэж янз бүрийн өнгөөр будагдсан эд байлаа. Хаан роботыг сайн нягтлан шалгаж үзэхэд элэг, цөс, зүрх, уушги, дэлүү, бөөр, ходоод, гэдэс гэсэн бүх л дотор эрхтэн нь бүрэн байсан ба нэмээд яс, булчин, үе мөч, арьс, шүд, үс бүгд байсан ч тэдгээрийг бүгдийг нь хиймлээр зохион бүтээсэн байв. Хаан зүрхийг нь сугалан авахад роботын ам нь ярихаа болив, элгийг нь авахад нүд нь харахаа больж бөөрийг нь авахад хөл нь хөдөлгөөнгүй боллоо. Энэ бүгдийг үзсэн хааны нүд нь орой дээрээ гарч гайхан хөөрөв.”

лиэзи

Дээрх бичвэр нь манай эриний өмнөх 3-р зуунд Хятадын философич Ли Юкоу-ийн бичсэн Таоист философийн Лиези гэх бичвэр дээр бичигдсэн байдаг бөгөөд хүн төрхтэй автомат хөдөлгөөнтэй робот биетийг дурдсан хамгийн анхны тохиолдол юм.

Леонардо Да Винчи 15-р зууны сүүлчээр автомат дайчин гэх, хүний хөдөлгөөнтэй төстэй хөдөлгөөн хийх чадвартай роботыг бүтээсэн байдаг байна. Леонардо нь тус роботын зураг төслийг алдарт The Last Supper гэх ажлыг эхлүүлэхээс өмнө нь зурж байсан байх магадлалтай байдаг ба хэдий бүрэн дууссан зураг төсөл байдаггүй хэдий ч 1495 оны хавьцаа анхны прототипийг босгосон гэж өөрийн тэмдэглэлдээ хөтөлсөн байдаг байна.

Автомат Бишгүүр Тоглогч Вокансон нь Францийн зохион бүтээгч Жак де Вокансон-ы бүтээж 1738 онд олон нийтэд туурвисан автомат бишгүүр тоглогч хүн биет бүтээл юм. Вокансон нь анх санаагаа Антуан Койсевокс-ийн урлан бүтээсэн Tuileries цэцэрлэгт хүрээлэн дэх Shepherd Flutist гэх Фаун-ий бишгүүр тоглож буй баримлыг ажиглаж байхдаа олж байжээ. 1735 онд ажлаа эхлүүлж 1737 оны арван сард бүрэн дуусгаж нийт 2 жил гаран хугацааг зарцуулсан байна.

1774 онд Пьер Жакет-Дроз болон түүний хүү Хэнри-Луис нар эрэгтэй хүүхдийн дүрстэй 40 хүртэлх үсгийн урттай үг бичдэг автомат бичигч зохион бүтээж байжээ. Харин 1921 онд хамгийн анх Робот гэх үгийг ашиглаж хэрэглээнд нэвтрүүлсэн талаар би өмнөх нийтлэл дээрээ дурдсан билээ. Тэгвэл сүүлийн үед хүн дүрстэй роботуудын чиг хандлага хаашаа чиглэж байгаа талаар судалцгаая.

TESLA – Optimus

Optimus робот нь Tesla компаниас хөгжүүлэгдэж буй робот бөгөөд хамгийн анх 2021 оны найман сард Элон Маск дэлхий дахинаа танилцуулсан билээ. Тус робот нь 173 см өндөртэй 57 кг жинтэй, хүн шиг биеийн бүтэцтэй. Хүмүүсийн хийхийг хүсдэггүй уйтгартай, олон дахин давтагддаг эсвэл аюултай ажлуудыг гүйцэтгэх зориулалттай робот билээ. Optimus нь Tesla компанийн өөрөө жолоодлоготой машинтай ижил мэдрүүр болон хиймэл оюун ухааны системийг ашигладаг ба FSD-ийн техник хангамжаар ажилладаг билээ. Одоогийн байдлаар дөнгөж 2-р прототип нь гараад байгаа юм.

Boston Dynamics – Atlas

Atlas робот нь Boston Dynamics компаниас хөгжүүлэгдэж байгаа бөгөөд Electric Atlas-ийг дэлхий дахинд 2024 оны 4 сард танилцуулсан байна. Өмнөх загвар нь гидравлик хөдөлгүүртэй байсан бөгөөд бүрэн цахилгаан болсноор илүү чимээгүй, баталгаатай мөн аюулгүй болжээ. Atlas нь ихэд уян хатан бөгөөд үсрэх, агаар дээр хойшоо эргэж үсрэх, паркур хийх гэх мэт нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг хийх чадвартай байна. Дэвшилтэд актуатор, удирдлагын алгоритм болон дүрс боловсруулалт ашигладаг ба агуулах эсвэл үйлдвэрт туслах гэх мэт үйлдвэрлэлийн бодит хэрэглээнд илүү зориулагдсан робот юм. Одоогийн байдлаар шинэ цахилгаан хувилбар нь туршилтын шатандаа явж байна.

Unitree Robotics

G1 нь Unitree компаниас хөгжүүлж буй роботуудынх нь нэг нь бөгөөд зах зээлд 16 мянган долларын үнэлгээтэйгээр худалдаалагдаж байна. Энэ нь өмнө нь дурдсан 2 роботтой харьцуулбал хямд үнэлгээ билээ. Мөн 130 см-ын өндөртэй 35 кг жинтэй робот тул маш хурдан 5 м/с -ийн хурдтай алхаж, төвөгтэй хөдөлгөөнүүдийг энгийн хүнээс ч илүү хийх чадамжтай юм. Тус робот нь гүний камер болон лидар ашиглан эргэн тойрноо мэдэрдэг ба өндөр торктой мотортой тул их зөөлөн жигд хөдөлгөөнтэй байдаг.

Робот хүн дүрстэй байх нь олон давуу тал ашиг тустай юм. Бидний эргэн тойронд буй бүх эд зүйлс, объектууд нь хүмүүс бидэнд амар байхаар зохиогдож хөгжүүлэгдэж ирсэн байдаг тул робот нь илүү хүн дүрстэй байснаар хүмүүс бидний орчинд дасан зохицоход хялбар юм. Мөн илүү хүнлэг дүрс танил төрх байснаар хүмүүс бидэнд роботтой хамтран амьдрах, ажиллахад тав тухтай мөн сэтгэлзүйн хувьд илүү итгэлтэй байх хандлагыг олгодог байна. Хүн дүрстэй байснаар олон талт, олон төрлийн хөдөлгөөн, манипуляци хийх боломжийг олгоно. Онолын хувьд нэг хүн дүрстэй робот нь олон тусгай зориулалтын роботыг орлох чадамжтай байдаг байна.

Хүн төрөлхтөн аль дээр үеэсээ, робот гэх тодорхойлолт гарахаас ч өмнө автомат хөдөлгөөнтэй амьд бус биетийг хүн төрхтэйгөөр бүтээж байсан, төсөөлдөг байсан байна. Иймд орчин үеийн урлаг уран бүтээлийнхэн мөн өөрсдийн бүтээлдээ роботыг хүн дүрстэйгээр дүрслэн мөнхөлснөөр бид роботыг үргэлж хүн дүрстэйгээр төсөөлж, өөрсдөө ч мэдэлгүй хүн дүрстэй байна гэсэн шаардлагыг инженер хүмүүст зоож өгчээ. Гэвч одоо аль хэдийн робот хэмээх ойлголт кино урлаг төсөөлөл байхаас хэтэрч бодит байдал бидний эргэн тойронд оршдог болсон байна.

Та бүхэн бусад бүх роботтой доорх бичлэгээр танилцаарай.

Leave a Reply