fbpx

Манай Монгол орон маань нүүдэлчин соёл, таван хошуу малаараа баян билээ. Хамгийн анх Монголын нутаг дэвсгэрт мезолитийн үе буюу 15000-7000 жилийн тэртээ малыг гаршуулж эхэлсэн болохыг эрдэмтэд тогтоожээ. 2023 оны сүүл гэхэд Монгол улсын нийт малын тоо 64.7 сая давсан байдаг. Харин нийт хүн амын 19.4 хувь буюу 617.3 мянган иргэн малчин байдаг байна. Малын тоо сүүлийн 20 жилд 2 дахин өсөж, 2025 буюу энэ ондоо 77 сая гаруй хүрэх төлөвтэй сайхан мэдээтэй хэдий ч түүнийгээ даган хэд хэдэн томоохон асуудлууд оршсоор байгаа юм.

Малын тоо өсөх нь бэлчээрийн доройтол гэх асуудлыг үүсгэж байгаа билээ. Бог мал нь бэлчээрийг үндсээр нь урж, нөхөн сэргээх хугацааг удаашруулдаг байна. Мөн сүүлийн 80 жилд Монголд агаарын дундаж температур 2.25-2.50°C-ээр нэмэгдсэн нь ган гачиг, цөлжилт үүсэх шалтгаан болж байгаа юм. Ингэснээр Монгол оронд бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрч, малчид өвсөө өөр аймгаас авах нь ихсэж өвсний ханш үнэд оржээ. Энэхүү шалтгаанаас үүдэн мал эцэж турж, дархлаа муудаж өвчлөх нь ихэсдэг байна. Боом, шүлхий, мялзан гэх өвчин малын дунд идэвхтэй тархаж 10 гаруй суманд хөл хорио тогтоож, мал тээвэрлэхийг хориглож байсан ба нэг айл бүрд 4-5 мал өвчнөөс болж үхдэг гэж бүртгэгджээ.

Малчдад өөр тулгамдаж буй асуудал бол Монголын эрс тэрс уур амьсгал юм. 2023-2024 оны өвөл хүнд зуд тохиож 7.1 сая хүртэлх мал хорогдсон гэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөн өвөл нийт малынхаа 10 гаран хувийг алдсан юм. Дээрх асуудлуудаас үүдэн сүүлийн жилүүдэд мал маллахад улам л хүндрэлтэй болж малчид илүү шаргуу ажиллах шаардлагатай нүүр тулж байгаа билээ. Гэвч малчин залуучууд хот бараадан суурин амьдрал руу шилжиж, мал маллах хүсэлтэй залуучууд эрс багасаж буй нь нэн тулгамдсан асуудал болж байна.

Тэгвэл инженер бид нар энэхүү асуудлуудад өөрсдийн зүгээс ямар тус үзүүлж чадах талаар болон дэлхий дахинд инженерүүд ямар нээлт, шийдэл олсон талаар танилцацгаая.

SwagBot

Энэхүү баттерейгаар ажилладаг робот нь бэлчээрийн эрүүл байдал, төрөл, нягтыг тодорхойлох мөн малын эрүүл мэндийг хянах зориулалттай робот юм. Тус роботыг Сидней Их Сургуулийн профессор Салах Сукарие SwagBot багийн хамтаар 2016 оноос хойш хөгжүүлж байгаа бөгөөд малыг зохистой бэлчээрт хуваарилаж, хөрсийн доройтлыг багасгахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Профессор Салах Сукарие хэлэхдээ “Үхрүүд роботод дасахаараа араас нь даган явж бэлчдэг болсон” гэжээ.

DeLaval VMS

DeLaval VMS нь саалийн робот бөгөөд. VMS гэдэг нь Voluntary Milking System гэсэн үгний товчлол буюу үнээ дэлүү нь дүүрч даралт үүсэх үед өөрийн хүслээр саалийн робот руу очиж саалгадаг гэсэн үг юм. Ямар ч дарамт, шахалт, стрессгүй тул амьтны эрүүл мэнд болон сүүний чанарт их эерэг нөлөөтэй байдаг байна. Робот нь үнээг хүзүүнд нь байх RFID таних төхөөрөмжөөр танин саах цаг нь болсон эсэхийг шалгаж болоогүй байвал зөөлөн түлхэж гаргадаг. Саах цаг нь болсон байвал автомат саалийн тохиргоог ажиллуулж дэлүүг нь цэвэрлэн, лазер мэдрүүр ашиглан хөхөнд нь саалийн хошууг залгана. Энэхүү роботыг ашигласнаар нэг үнээнээс өдөрт гарах дундаж сүүний хэмжээ 34л-41л болж өссөн үзүүлэлт гарчээ. Мөн ROI буюу хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 3 жилийн дотор нөхдөг байна.

Lely Vector

Lely Vector автомат мал хооллогч робот нь үндсэндээ тэжээл холих, тэжээл түлхэх үүрэгтэй бүрэн автомат робот систем бөгөөд мөн Feed Kitchen (тэжээлийн агуулах) хэсгээс тэжээлийг сонгон авч малын тэжээл хэрэгцээг нарийн тааруулан тараадаг технологи юм. Тэжээлийг сонгон авч өндөр түвшний программын тусламжтайгаар 98%-ийн нарийвчлалтай хольдог нь мал хэт их эсвэл дутагдалтай тэжээл авалгүй, зохистой хэрэглээгээр хангаж чаддаг. Нэг робот л гэхэд жилд 1500-2000 цагийн хүн хүчийг хэмнэж, тэжээлийн хаягдал 30-40%-иар бууруулж, сүүний гарцыг дунджаар 5-10%-иар нэмэгдүүлсэн гэх өндөр үзүүлэлт үзүүлсэн ба ROI нь 4-6 жилийн хугацаатай гэж үзсэн байна.

Virtual Fencing

Virtual fencing буюу Виртуал хашаа нь бэлчээрийг хязгаарлах, малын эрүүл мэндийг хянах, тооллого хийх, үржүүлгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт олон функцуудтай ба бүх үзүүлэлтүүдийг утаснаасаа удирдах боломжтой юм. RFID/GPS бүхий хүзүүвчийг малдаа зүүж, утасны программ дээрх газрын зурагт бэлчээрийн хязгаарыг зааж өгснөөр, мал заасан хязгаар луу дөхөх үед хүзүүнд зүүсэн төхөөрөмжөөс дуут анхааруулга дуугарах ба бүр илүү дөхөх үед тог цохидог байна. Судалгаагаар мал нь энэхүү дохиоллыг ойлгон хоромхон хугацаанд сурдаг бөгөөд тус хяналтын систем нь 90-99% хүртэлх үр дүнтэй байдаг. Энэ нь бэлчээр булаацалдах, бэлчээрийн доройтолд өртсөн газрыг хамгаалах том давуу талыг олгож байгаа юм. Мөн малын хөдөлгөөний идэвх, зүрхний цохилт, биеийн байдлаас хамааран өвчинд нэрвэгдсэн эсэхийг маш хурдан мэдэж хүндэрхээс нь өмнө дарж авах боломжийг олгоно. Энэхүү төхөөрөмжийн ROI нь 4-6 жилийн хугацаатай гэж тооцсон байна.

Дээрх төхөөрөмжүүдийг малчны соёлд нэвтрүүлснээр жилд дунджаар 1000-1500 цагийг, 1-2 хүний ажлыг, 20-80 сая төгрөгийг хэмнэх боломжтой юм. Мөн бидний дээр дурдсан бэлчээрийн доройтол, өвчлөл, зуд, хүний нөөц гэх мэт асуудлуудын шийдэл мөн хэдий ч дээрх төхөөрөмжүүд голчлон фермийн нөхцөлд зориулагдсан байна. Иймд Монголын нөхцөлд ажиллахад дутагдалтай тал олон тул дээрх роботуудаас санаа аван Монгол орны нөхцөлд асуудалгүй ажиллахуйц төхөөрөмж бүтээх нь Монгол инженерүүд та, бидний хариуцлага билээ.

Leave a Reply