Бидний амьдралын нэгэн хэвийн урсгалд тасралтгүй хөгжсөөр байгаа нэг зүйл бол технологи. Өдөр бүр шинэчлэгдэж буй өнөө үед хиймэл оюуны хөгжлийг даган Сингуларити хэмээх сонирхолтой ойлголт гарч иржээ.
Хиймэл оюун (AI) хүний оюуны чадамжаас давж, өөрөө өөрийгөө сайжруулж эхлэх цэгийг Сингуларити гэх ойлголт илэрхийлнэ
Stephen Hawking
AI бүтээх нь хүн төрөлхтний хамгийн том амжилт байж мэднэ. Гэхдээ хамгийн сүүлчийнх нь ч байж болно…
Хүн төрөлхтөн гал нээсэн цагаасаа эхлэн түүхээ өөрчилсөн. Төмрөөр зэвсэг бүтээж, бичиг үсэг зохион, хүрэл багаж, уурын хөдөлгүүр, цахилгаан, интернэт гээд үе үеийн технологийн хөгжүүлсээр ирсэн.
Хүн бол бүтээлч оршихуй. Тийм учраас мэдлэгээ хуримтлуулж, дараагийн үедээ дамжуулсаар энэ их мэдлэгийг бүтээсэн билээ. Хүний энэхүү оюуны дамжуулалт хамгийн сүүлд 20-р зуунд ирээд, кодоор дамжин өөрийгөө дахин бүтээгч “хиймэл оюун”-ыг бий болгожээ.

Хиймэл оюун нь 1956 онд Дартмутын бага хурлаар нэр томъёо болон тодорхойлогдсон байдаг. Үүнээс хойш хэдэн арван жил дамнасан судалгаа, алгоритмын хөгжлийн дүнд бид өнөөдөр ChatGPT, Siri, Google Assistant, DALL·E зэрэг AI системүүдийг өдөр тутамдаа ашиглах болов.
AI зураг зурж, хэл орчуулж, хууль дүн шинжилдэг, эмчлэх зөвлөгөө өгдөг, бүр хүний хоолойн өнгө, нүүрний хувирал ч дуурайж чадна. Харин ирээдүйд хөгжих AGI буюу Artificial General Intelligence нь хүний хийж чадах бүхнийг хийж, түүнээс ч илүүг бүтээж чадах боломжтой болно.

Рэй Курцвейл, Vernor Vinge нарын инженерүүд 2045 он гэхэд хиймэл оюун хүний оюунаас давна гэж таамагласан. Элон Маск, Стивен Хокинг зэрэг нөлөө бүхий хүмүүс үүнийг “болзошгүй мөхөл” хэмээн сэрэмжлүүлдэг. Яагаад гэвэл AI нэгэнт өөрийгөө хөгжүүлж эхэлмэгц, хүн түүнийг ойлгох, зогсоох боломжгүй болж, шинэ “ухаалаг ертөнц” бүрэлдэж эхэлнэ.
Сингуларити ба хиймэл оюуны тухай эшлэлүүдээс дурдвал:

Рэй Курцвейл бол зохион бүтээгч, зохиолч, програм хангамжийн инженер нэгэн бөгөөд технологийн философич гэх сонирхолтой мэргэжлээр өнөөдрийг хүртэл ажиллаж яваа эрхэм.
“Сингуларити биднийг биологийн бие ба тархины хязгаарлалаас ангид болгож чадна.”
“Бидний бүтээсэн машин бол бидний оюуны үргэлжлэл. Технологи бидний нэг хэсэг.”
Стивен Хокинг шинжлэх ухааны ертөнцийн домог, хар нүх болон огторгуйн шинжлэх ухааныг олон нийтэд таниулсан суут ухаантан. Тэрээр технологийн хөгжилд өөдрөг хандаж байсан ч, AI буюу хиймэл оюун ухаан хяналтгүй хөгжвөл хүн төрөлхтөнд аюул учруулж мэднэ гэж үздэг байв.
“AI бол хүн төрөлхтөнд тохиолдож болох хамгийн сайхан эсвэл хамгийн аймшигтай зүйл. Бид бэлэн байх ёстой.”
“AI өөрийгөө сайжруулж эхэлбэл, хүн төрөлхтөн биологийн хурдаар дагаж чадахгүй. Ингээд бидний үүргийг тэд авна.”

AI сингуларити бол зүгээр нэг технологийн үсрэлт гэхээсээ илүү хүн хэмээх биологийн төрөл зүйл, кодоор бүтээгдсэн ухаалаг машины уулзвар гэх нь зүйтэй. Бидний бүтээсэн хамгийн том асуудал бол биднээс илүү ухаант оршихуй бидэнтэй яаж харилцах вэ гэдэг юм.