
Хүн төрөлхтөн зөгнөлийг шүтсээр ирсэн, алдарт Вангагаас эхлээд ирээдүйд болох томоохон үйл явдлуудыг зөгнөсөн олон зөнч байдаг билээ.
Тэгвэл технологийн ертөнцөд “зөгнөл” гэх ойлголтыг шинжлэх ухаанд тулгуурлан, бүрэн бодитой тооцоолж чаддаг нэгэн хүн бий.
Инженерчлэл, хиймэл оюуны ирээдүйг нүдэнд харагдтал зурагладаг тэр эрхэм хэн юм бол?
Рэй Курцвейл

Рэй Курцвейл бол зохион бүтээгч, зохиолч, програм хангамжийн инженер нэгэн бөгөөд технологийн философич гэх сонирхолтой мэргэжлээр өнөөдрийг хүртэл ажиллаж яваа эрхэм. Тэрээр 1970-аад онд анхны OCR (оптик тэмдэг таних) системийг бүтээж, хараагүй хүмүүст зориулсан текстийг дуугаар уншдаг төхөөрөмж зохион бүтээсэн нь түүний нэрийг дэлхийд таниулсан билээ. 2012 онд Google түүнийг өөрсдийн инженерийн захирлаар (Director of Engineering) урьж, хиймэл оюуны хөгжлийн стратегийг удирдуулж байсан нь түүнийг ямар нөлөө бүхий эрхэм болохыг нь харуулж байгаа байх.
Түүний номондоо бичсэн зөгнөлүүдээс дурдвал:

The Age of Intelligent Machines (1990)
Энэ ном бол түүний анхны томоохон бүтээл. Энэхүү номдоо тэрээр:
–“1998 он гэхэд компьютер дэлхийн шатрын аваргыг хожино” –“2000-аад оны эхээр хүмүүс компьютерийг халаасандаа авч явах болно” гэж бичсэн.
– 1997 онд IBM-ийн Deep Blue суперкомпьютер дэлхийн аварга Гарри Каспаровыг хожсон бол 2007 онд iPhone гар утас компьютерийн хүч чадлыг халаасанд авчирсан түүхтэй.
The Age of Spiritual Machines (1999)
Компьютер хүнтэй адил суралцдаг, ойлгодог, бүр “сүнс”-тэй мэт мэдрэмж төрүүлдэг байх ирээдүйг өгүүлдэг.
“2009 гэхэд хүмүүс компьютеруудаа дуу хоолойгоор удирддаг болно”
-2011 онд Siri бүтээгдэж, дараа нь Alexa, Google Assistant ашигдагдах болсноор утсаа зүгээр л “ярьж” удирдах боломж олгосон.


The Singularity Is Near (2005)
Энэ бол түүний хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий ном бөгөөд “сингуларити” буюу хүн ба машины хил зааг арилж, хиймэл оюун хүнээс ухаантай болох цэгийг 2029-2045 онд болно гэж тодорхойлсон.
GPT зэрэг хэлний загварууд бидний яриаг ойлгож, хариулах чадвартай болсон нь энэ зөгнөл биелж эхэлсний илрэл үү?
Та юу гэж бодож байна?
How to Create a Mind (2012)
Түүний энэхүү бүтээлд хүн хэрхэн сэтгэдэг, тархины алгоритм ямар байхыг задалж, яг ийм механизмыг компьютерт хэрхэн шингээж болох талаар өгүүлдэг. Нэг талаараа тархины бүтэц ба AI-г нэгтгэсэн гарын авлага гэж хэлж болно.

Эдгээрийг ер нь яаж зөгнөдөг юм бол?
Анзаараад харахад Рэй Курцвейлийн зөгнөл зүгээр л “тийм юм болох байх” гэсэн мэдрэмжид тулгуурладаггүй санагддаг. Ганцхан өгүүлбэр бичээд л энэ миний зөгнөл гэж хэлж болох байтал бараг таамаглал бүртээ зориулж ном бичсэн байгаа нь бүх зүйл судалгааны үндсэн дээр бий болдог гэдгийг баталж байна.
Law of accelerating returns (үзэгдлийн хурдассан өсөлт)
Курцвейл law of accelerating returns (үзэгдлийн хурдассан өсөлт) гэж нэрлэсэн зарчимд тулгуурлаж ажилладаг байна. Үндсэн санаа нь ирээдүй зүгээр ирдэггүй, харин бидний бүтээсэн зүйлс өөрсдийгөө хурдасгадаг тул ирээдүй ирдэг гэсэн санаа юм.
Жишээ нь, компьютер өөрөө дараагийн компьютерийг зохион бүтээхэд ашиглагддаг. Ингэснээр илүү хурдан хөгжиж, илүү богино хугацаанд ахиц гардаг.
Техник технологийн хүчин чадал, багтаамж, үнэ, хүртээмж нь логарифмын дагуу өсдөг гэж тэр баталдаг. Тэгвэл жил ирэх тусам микрочипүүд хүчтэй, хямд, жижиг болж байгаа нь ийм учиртай байх нь.
Технологи технологийг бүтээдэг.
Тэрээр үүнийг ашиглан тоон өгөгдөл, график дээр үндэслэн “энэ өсөлт хэр удаан үргэлжилвэл, ямар цэг дээр ямар зүйл тохиолдох боломжтой вэ?” гэдгийг тооцоолдог. Иймд түүний зөгнөлүүд бол урьдчилсан тооцоолол, шинжлэх ухааны зөн билэг гэж хэлж болно. Тиймээс түүнийг технологийн ертөнцөд зөгнөгч инженер хэмээн нэрлэдэг.
Өнөөдрийн мөрөөдөл маргаашийн бодит байдал. Харин Курцвейл шиг инженерүүд тэрхүү мөрөөдлийг тооцоолж бодит болгодог билээ.