Joystick бариад, PS2-оо асаасай хэмээн залбиран суудаг байсан үе саяхан мэт л санагдана. 10 гаруй жилийн өмнөх зүйлийг одоо үеийн хүүхдүүд төдийлөн сайн мэдэхгүй. Тоглохоосоо илүү хүлээлт, хүлээлтээс давсан мэдрэмж. Энэ бүгд зөвхөн тоглоом тоглох тухай биш юм.

Энэ бол тэвчээр, найз нөхөрлөл, ялалтын амтыг анх мэдэрсэн үеийн түүх юм. Дискний гялгар мөнгөлөг талыг нь үлээж, зураас гарсан эсэхийг гэрэлд сойж харсны эцэст оруулна. Зүрхний цохилт түргэсэж, дэлгэцэн дээр “PlayStation 2” гэх танил лого тодрох тэр агшин бол жинхэнэ баяр баясал байлаа. Тэр үед бидэнд өндөр нягтаршилтай график, онлайн ертөнц байгаагүй ч, нэг буйдан дээр шахцалдан суух найзууд, “дахиад нэг үе” хэмээн гуйх өрсөлдөгч минь байсан.
“Grand Theft Auto: San Andreas”-ийн асар уудам газраар эцэс төгсгөлгүй аялж, “God of War”-ын Кратостой хамт домогт аянд гарч, “Tekken 5”-д хэнийх нь комбо илүү болохыг үзэж өнгөрүүлсэн тэр цаг мөчүүд зүгээр нэг зугаа биш байв. Энэ бол бидний төсөөллийн ертөнц, хамтын адал явдал байсан юм.

Хоёрхон joystick-ийг тойрон хүрээлэх олуулаа. Ээлжээ хүлээх зуураа найзынхаа тоглолтыг амьсгаа даран үзэж, яг л өөрийнхөө тоглож буй мэт догдлоно. “Одоо миний ээлж” гэх үг ямар их хүчтэй байсныг одоо ч санадаг. Ялалт байгуулсан нэгнийх нь баяр хөөр, ялагдсан нөгөөгийнх нь хор шар, дараагийн удаа заавал хариугаа авах гэсэн тэмүүлэл гээд л… Энэ бүхэн бидэнд зүгээр нэг хожих, хожигдохын тухай ойлголт өгөөд зогсоогүй, бусдын ялалтыг хүлээн зөвшөөрч, өөрийн ялагдлаас суралцаж, дахин хичээх урам зоригийг өгч байлаа.
Бид сургуулийн ширээнээс эрдэм мэдлэг олж авдаг байсан бол, тэрхүү хар хайрцагны өмнө бид амьдралын ухааны суурь хичээлүүдээ заалгаж байсан гэхэд хилсдэхгүй. Тэвчээртэй хүлээх, ээлжээ дараалах, шударгаар өрсөлдөх, найзыгаа хүндлэх, багаар ажиллах гээд хүмүүжлийн анхны ойлголтууд эндээс л эхтэй. Нэгнийхээ алдаан дээр шоолохоосоо илүүтэй, хэрхэн давах аргыг нь зааж өгдөг байсан тэр үеийн нөхөрлөл хамгийн үнэ цэнтэй байж.
Өнөөдөр бидний гарт дэлхийн нөгөө өнцөгт буй хүнтэй холбогдох ухаалаг утас, бодит мэт графиктай тоглоомууд байна. Гэвч тэр үеийнх шиг, нэг дэлгэц, хоёр удирдлагаар бүтсэн тэрхүү дотно, жинхэнэ холбоог орлох зүйл ховордсоор. Одоо үед өөр өөрсдийн ухаалаг төхөөрөмж дээр, чихэвчээ зүүн, виртуал ертөнцөд хүссэн үедээ хаанаас орох боломжтой. Нэг дэлгэц, нэг буйдан дээр бие биенийхээ амьсгааг мэдрэн, сэтгэл хөдлөлөө хуваалцдаг байсан тэр дотно нөхөрлөл онлайн чат, дуут яриагаар солигдож, хажууд суух найзаасаа илүүтэй дэлгэцэн дэх аватар нь илүү ойр дотно санагдах үе ч бий. Энэ нь технологийн буруу биш, харин бид түүнийг хэрхэн ашиглаж, хүүхэд насны хамгийн үнэ цэнтэй зүйл болох бодит харилцаанаас хэрхэн холдуулж буйн илрэл юм.
Тоглоом нь дан ганц донтуулагч, цаг үрэгч биш. Зөв зохистой хэрэглэж чадвал тоглоом нь хүүхдийн хөгжилд асар их ашиг тустай байж чадна.
- Асуудал шийдвэрлэх чадвар: Олон тоглоом тоглогчоос стратеги боловсруулж, бэрхшээлийг даван туулахыг шаарддаг. Энэ нь тэдний шүүмжлэлт сэтгэлгээ, логик сэтгэлгээг хөгжүүлдэг.
- Бүтээлч сэтгэлгээ: “Minecraft” гэх мэт тоглоомууд нь хүүхдэд өөрийн ертөнцийг бүтээх, төсөөллөө бодит болгох боломжийг олгодог.
- Тэсвэр тэвчээр: Хэцүү үеийг давахын тулд олон дахин оролдох шаардлага гардаг нь хүүхдийг тууштай, тэвчээртэй байхад сургадаг.
- Гадаад хэл сурах: Ихэнх тоглоом англи хэл дээр байдаг тул үгсийн санг нэмэгдүүлж, хэлний мэдлэгийг сайжруулах том хөшүүрэг болдог.
Магадгүй бидний үеийнхэн зөвхөн тоглоом тоглоогүй, харин хүлээлт дундаас баяр баяслыг олж, энгийн зүйлсээс аз жаргалыг мэдэрч сурсан биз. Тэрхүү хар хайрцаг зөвхөн тоглоомын консол бус, бидний хүүхэд насны хамгийн нандин дурсамжуудын авдар, амьдралын анхны хичээлүүдийг заасан “багш” байжээ. Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглахын зэрэгцээ, тэр үеийнх шиг бие биенээ мэдэрсэн, бодит харилцааны үнэ цэнийг үр хүүхдүүддээ мэдрүүлэх нь бидний үүрэг юм.