fbpx

“Хамгийн анхны вирус”-г ярихын тулд эхлээд вирус гэж юу болохыг мэдэж авъя. Өмнө нь Комьпютерийн вирус гэж юу вэ? нийтлэлээр вирусын шинж тэмдгийн талаар тайлбарласан ч энэ удаа хэрхэн ажилладаг, үүсэл хөгжлийг нь түлхүү тайлбарлах болно.

Гэж юу вэ?

  1. Нэршил
    Анагаах ухаанд хүний биед хяналтгүйгээр олшрон, өөр биед халдварлаж, сөрөг нөлөө үзүүлдэг биет байдаг. Ихэвчлэн энийг халдварт өвчин гэж нэрлэдэг ч шинжлэх ухааны нэршил нь вирус юм. Энэ нэрийг тэр чигээр нь авч компьютерт оруулсан юм. Энгийнээр бол дижитал халдварт өвчин.
  2. Төрөл
    Үүний талаар тус бүрт нь тайлбарласан нийтлэл оруулах тул нэрийг нь дурдаад л үлдээе. Хэрнарийвчлалтай авч үзэхээс шалтгаалаар 10-20 төрөлд хувааж үзэж болно. Тиймээс нийтлэг 10 төрлүүд:
    1. Файлд наалддаг вирус (File Infector Virus)
    2. Сектор вирус (Boot Sector Virus)
    3. Макро вирус (Macro Virus)
    4. Полиморф вирус (Polymorphic Virus)
    5. Өт (Worm)
    6. Троян морь (Trojan Horse)
    7. Тагнуулын болон Зарын вирус (Spyware & Adware)
    8. Ransomware
    9. Хоёрдогч санах ойн вирус (Resident Virus)
    10. Мэдээллийн сангийн вирус (Multipartite Virus)

Одоо үндсэн сэдэв болох анхны вирусын түүх рүү оръё.

Хамгийн анхны сүлжээний вирус: Creeper

Ихэнх эх сурвалж, хувь хүмүүс Brain гэх вирусыг хамгийн анхны вирус гэж нэрлэдэг. Магадгүй та ч гэсэн сонссон байх. Гэвч Brain нь ухаалаг тооцоолуурыг гол байгаа болгосон вирусын анхдагч байсан юм. Үндсэн вирусын суурь нь Creeper гэж нэрлэгддэг нөг төхөөрмжөөс нөгөөд тархах үндсэн механиктай сүлжээний төрлийн вирус байлаа. Тархсан төхөөрөмжийнхөө дэлгэцэн дээр дараах бичгийг харуулна.

Энэ нь туршилтын зорилгоор бүтээгдсэн бөгөөд Америкийн BBN Technologies компанийн инженер Боб Томас (Bob Thomas) гэгч эрхэм бүтээжээ. Сүлжээнд өөрийгөө хуулбарлан төхөөрөмж хооронд тархах чадварыг турших зорилготой байсан ч Morris Worm-той адил зүйл… азаар болсонгүй ээ. Түүний туршилт амжилттай болж тухайн үедээ хэрэглэгддэг байсан ARPANET сүлжээгээр амжилттай тархаж байсан юм.

Хариу арга хэмжээ: Reaper & Нөлөө

Creeper-н үзүүлсэн нөлөө маш их. Хамгийн энгийн нь анхны Антивирус Reaper. Creeper вирусыг устгахын тулд Рэй Томлинсон (Ray Tomlinson) гэх инженерийн зохиосон энэхүү программ нь сүлжээнд тархсан Creeper-ийн хуулбаруудыг илрүүлж, устгадаг байсан бөгөөд орчин үеийн антивирусын програмын анхны хувилбар гэж тооцогддог. Reaper нь Creeper-ийг устгах зорилгоор сүлжээгээр тархаж, вирусыг “агнадаг” байсан нь тухайн үеийн технологийн хувьд гайхалтай шийдэл байв. Адилхан сүлжээгээр тархдаг ч өнөөх Creeper вирусээ устгадаг байсан тул Анти хэмээх цолыг хүртсэн юм.

Анх туршилт хийх үед ARPANET сүлжээ жижиг байсан ч хэзээ нэгэн цагт өргөжин өнөөдрийн түвшинд хүрэх нь тодорхой байсан. Тэр үед харин энэхүү сүлжээгээр халдварладаг вирус маань хэдэн төхөөрөмжийг өвчлүүлж, тухайн өвчний шинж тэмдгийг мэдэхгүй, далд үе ихтэй зэрэг маш олон эрсдэлтэй байж болохыг халдлага хийгч этгээдүүд болон судлаачдад анхааруулга болсон юм.

Бид бүхний бүтээсэн дижитал технологи ч гэсэн амьд биетэй адил өвчилж, тэр бүр тухайн өвчнийг судалж, эмчлэх аргыг олох шаардлагатайг мэдүүлсэн амжилттай туршилт болсон. Гэсэн ч технологи хөгжих тусам, халдлагчид ч мөн адил дэвшилтэт, гүнзгий аргатай болж байгаа нь энэ салбарыг хэзээ орхиж болохгүйг сануулна.

Үргэлжлэл бий…

Хамгийн анхны Personal Computer вирус болох Brain-г тайлбарлах гэсэн боловч нийтлэл маань урт болох гээд байгаа тул дараагийн нийтлэл дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно оо.

Leave a Reply